sonin.mn
Монголын түүхэн дэх бүхий л гавъяат үйлсийг бүтээгч, тээгч нь залуучууд байлаа. Тэдний гавъяат үйлсийн ид шидийг ахмад үе нь, эцэг өвгөд нь өвлүүлж, адислаж өгсөн билээ.
 
Олон зууны түүхийг сөхөхөөс урьдчилж сүүлчийн зууны хэрэг явдлыг эргэн харахад Монгол эх орон, Монгол түмнийхээ өмнө залуучуудын байгуулсан гавъяа үнэнхүү бахархалтай болох нь харагдах ажээ.
 
Зуун жилийн тэртээд бол Монголчууд эцэг өвгөдийнхөө эрт цагаас байгуулан мандуулсаар явсан тусгаар тогтнол, бүрэн эрхт улс гүрнийхээ түр зуур мөхөсдөж харийн эзэрхийлэлд автсан гунигт хувь тавиланг өөрчлөхийн төлөө үндэсний хувьсгал хийхээр хөлөг мориндоо мордож их тэмцэлд өндийн боссон билээ. Хувьсгалыг сэдэгчид нь төрийн ахмад гэх (хэдийгээр тэд гуч гаруйхан, дөч шүргэм насныхан байсан ч) зүтгэлтнүүд бөгөөд харин гүйцэтгэгчид нь залуу үеийнхэн байсан гэж болно.
 
Хоёр зуугаад жилийн ноёрхлоо алдахгүйн тулд Манж дайчин улс цэрэглэн эсэргүүцэх тэмцлийг арваад жилийн турш байнга үргэлжлүүлж эцэст нь шууд түрэмхийлэн халдаж их хүрээг эзлэн Богд Хаант Монгол Улсыг ахин эрхшээлдээ авахад хүрсэн боловч ахмад үеийнхээ хүсэл мөрөөдөл, үг сургаалыг зүрх сэтгэлдээ тээсэн залуус үндэсний эрх чөлөөнийхөө төлөө хоёрдахь давалгааг манлайлж аравдахь жилийн нь нүүрэн дээр, Ардын хувьсгалыг хийж үндэстнийхээ сэргэн мандалтын шинэ эринг эхлүүлсэн билээ. 
 
Ардын хувьсгалын хөдөлгөх хүч нь мөн л Монголын залуу үеийнхэн байсан бөгөөд Үндэсний хувьсгалын жилүүдэд Манж хятадын хар цэргүүдтэй Өмнөд хил хязгаарт хийсэн тулалдаанд удаа дараа оролцож гавъяа байгуулан шинэ төрөөсөө тавдугаар зэргээс эхлээд гутгаар зэрэг хүртэл отго жинс шагнуулж, баатар гэгдсэн Сүхбаатар Ардын хувьсгалын нэгэн гарамгай удирдагч нь болсон түүхтэй. 
 
Богд Хаант Монгол Улсын төрийн илгээлтээр Орос улсад сургуульд явж орчин үеийн эрдэм ном үзсэн анхны 12 залуугийн дотор Ц.Дамбадорж, Х.Чойбалсан зэрэг хэдхэн жилийн дараа Ардын хувьсгалын зүтгэлтэн, ардын нам, засгийг удирдах хүмүүс байсан нь түүхэн үйлсийн залгамж үе болсон ажээ.
 
1921 оны Монгол Ардын Хувьсгалын ялалтын дараагаар нэг их удалгүйгээр Монгалын залуу үеийнхэн эх орон, ард түмнийхээ ирээдүй хойчийн үйлсийг залгамжлах зорилготой “Хувьсгалт Залуучуудын Эвлэл” гэдэг олон нийтийн байгууллагад нэгдэн орж билээ. Тэр цагаас хойш 95 жил өнгөрсний ой энэ 2016 оны намар тохиолдож байна. Зууд тавхан жил дутуу энэхүү эрин зуун шиг урт хугацаанд Монголын ард түмний үе үеийн залуучууд эх орныхоо өмнө хүндтэй, түүхтэй гавъяат үйлсийг бүтээсээр ирлээ. 
 
Энэхүү гавъяаг нь ч ахмад үе, төр засаг өндөр үнэлж Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн туган дээр төрийн зургаан том одонг зүүж өгсөн билээ. Эдгээр одонгийн дотор их жанжин Дамдины Сүхбаатарын одон дөрөв байгаа нь ихээхэн учиртай юм.
 
1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын санаачлагаар “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр МХЗЭ-г үндэслэн байгуулсанд удирдан тэргүүлэх таван хүний эхэнд нь Сүхбаатарын хамтран зүтгэгч, Ардын хувьсгалын “партизан” Хорлоогийн Чойбалсан оржээ. 
 
МАН-ын “Уриа” сонин анхныхаа дугаарт “Залуучуудын эвлэлийн хувьсгал” гэдэг өгүүлэл нийтлэж “...Хүрээний ба мөн орчмын залуус санаа нийлэн хурал нээн, хоорондоо харилцан хэлэлцэж, эдүгээ цагийн байдлыг хянан зөвлөлдөж, тус улс ба ард түмнээ ямарваа чадал аргаар чармайн туслахыг бодож бас ард намын бүх хэрэг явдалд нэмэр болно гэж хичээж монгол залуусын хувьсгалын Эвлэлийг тогтоохыг нэгэнт шийдсэн ” гэж дурджээ.
 
Ийнхүү МАН-ын МХЗЭ-г өөрийн “бэлтгэл хүчин, дайчин туслагчаа” гэж үзэж үнэлсэн тэр л зарчмаа далан жилийн турш өөрчлөөгүй билээ. МХЗЭ-ч гэсэн байгуулагдсаныхаа гуравдахь өдөр нь “Улс төрийн хэрэгт туслан хүчин зүтгэхийг бодож “одоогоор эхлэн урьдаар зүйл бүрийн хэл бичигт” суралцах зоригт дэвшүүлэхийн хамт.. “элдэв үйлдвэр” байгуулах санааг ч гаргажээ. Тэр л ёсоороо хүмүүсийг бичиг үсэгт сургах, соёлын шинэ голомт болох “Улаан гэр” байгуулах үйлсээр залуучуудын шинэ байгууллага ажил үйлсээ эхэлсэн билээ.
 
“...Залуучуудын дотроос ухаан сэргэлэн, ов сайтай хэдэн хүнийг зураг авах ба цахилгаан сүүдэр (кино) гаргах зэрэг сургуульд боловсруулахыг” МХЗЭ-ийн II Их хурлаас зааж энэхүү шинэ мэргэжилтэнг бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ нь МАН-ын Төв Хороо ард түмнийг гэгээрүүлэх, соёлжуулах, урлаг утга зохиолыг хөгжүүлэх хэргийг хувьсгалт залуучуудын эвлэлд даалгасан тогтоол урд жил нь ( 1922) гарсныг хэрэгжүүлэхэд чиглэжээ. Мөн тэр ондоо Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ч.Амгалан тэргүүтэй залуус “жүжгийн хүрээлэн” анх байгуулжээ.
 
1926 онд улаан булан хэрхэн байгуулах, ханын сонин хэрхэн гаргах зааврыг зохиож, нүүдлийн жүжгийг эвлэлийн төв хорооны орлогч даргаар удирдуулан хөдөө орон нутгаар явуулжээ.
 
1930 онд “Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад нийтээр довтлон орохтун!” гэсэн уриаг “Залуучуудын үнэн” сонин тэргүүндээ нийтлэн идэр залуу, сэргэлэн гавшгай нөхдийг зарлан 230 хүн цуглуулж соёлын довтолгооны сургуульд суралцуулаад төгсөгчдийг хөдөө орон нутагт “соёлын арми” болгон илгээжээ. Энэ үйлс 1950-аад оны сүүлч хүртэл үргэлжилсний дүнд Монгол Улс ард олноо бүх нийтээр бичигтэн болгосон тул ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн билээ.
 
Орчин үеийн шинэ техник эзэмших үйлсийг мөн л залуучууд хошуучилсан бөгөөд бүр 1924 онд Улаанбаатар, Улиастай, Алтанбулаг Богдхан уулын аймгийн ХЗЭ-ийн хороодоос “Нэг түм таван мянган янчааны үнэ бүхий агаарын нисэх онгоц авах” хөрөнгө хуримтлуулсан байна.
 
Тийнхүү нисэх онгоцтой болох төдийгүй түүнийг жолоодох хүмүүсийг залуучуудын дундаас сурган бэлтгэж 1930-аад он ихэд цөөнгүй залуу нисэгчтэй болсны дотор эвлэлийн гишүүн нисэгч Ч.Шагдарсүрэн 1930 оны хавар баатарлаг гавъяа байгуулж байжээ. 
 
1932 оны эхээр МХЗЭ-ийн төв хорооны III бүгд хурлын дараагаар нисэх онгоц, танк худалдан авч улаан цэргийн байлдааны хүчин чадлыг зузаатгах зорилгоор сайн дураараа залуучууд хөрөнгө хуримтлуулж байлаа.1943 онд Монгол улс Зөвлөлтийн улаан армид танкийн цуваа байгуулан илгээсний дотор залуучуудын хөрөнгөөр боссон “ МХЗЭ” гэдэг танк орсон юм.
 
Монголын залуучууд “Эр-тав” гэдэг хоёр давхар далавчтай ногоон (царцаа) онгоцноос эхлээд дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц жолооддог болж улмаар улс орноо 1981 онд сансрын 101 дэхь нисэгчтэй улс болгож малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа, зөвлөлт анд В.Жанибековтойгоо хамт сансарт ниссэн билээ.
 
"Хувьсгалт залуучуудын Эвлэлээс комбинат Хэмээх аж үйлдвэрт байлдан орогтун!” гэсэн уриа “Залуучуудын үнэн” сонинд 1931 оны 4 дүгээр сарын 9-нд нийтлэгдэж аж үйлдвэрийн комбинатыг МХЗЭ шефлэн авч барилга байгуулалт, түүнд ажиллах ажилчдыг өөрийн идэвхтэн гишүүдээс сайн дураар элсүүлэх хөдөлгөөн өрнүүлж 300- гаас доошгүй ажилчин элсүүлж өгнө гэж амлаад “Хурц гурван хоног” гэдэг хөдөлгөөн зохиож 352 залуусыг комбинат бас туйпуун заводод шилжүүлж өгсөн юм.
 
Энэ уламжлал цаашдын тавиад жилд үргэлжилж уул, уурхай, барилга, хот байгуулалтын их үйлст Монголын залуучууд эвлэл, намынхаа уриа дуудлагаар сэтгэл зүрхнийхээ зориг эрмэлзлэлээр явж ажиллаж гавъяат үйлс бүтээсэн бөгөөд эзгүй талд сүндэрлэн боссон Дархан хот, Бага нуур, Бага хангай, Эрдэнэт, Налайх, Бэрх зэрэг үйлдвэр, уурхай, хот суурингууд залуучуудын нэртэй салшгүй холбоотой билээ.
 
Дэлхийд арвын нэгд орох зэс, Молибдены ил уурхай, түүний олборлогчдын Эрдэнэт хотыг барьж байгуулахад л МХЗЭ-ийн эвлэлийн илгээлтээр 1974 оны намар анхны 57 залуус (тэдний нэг нь П.Балдандорж удалгүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон) Эрдэнэтийг зорьсон бөгөөд араас нь 1975 оноос Эвлэлийн илгээлтийн эзэд арваад жилийн турш мянга хол давсан залуус шинэ хотыг байгуулалцаж, үйлдвэрийг босгож, айл болон аж төрцгөөсөн билээ.
 
“Тариалангийн ажилд эвлэлийн зүгээс эрс хандъя!” гэдэг хөдөлгөөнийг МХЗЭ 1931 онд өрнүүлж тэр намраа өвс хадах, тариа хураах ажилд 5700 гишүүд залуучууд оролцож 7731 десятин (1.097 га) газраас тариа хурааж 5929 десятин газраас өвс (тэр үеийн мэдээгээр) хаджээ. Сэлэнгэ, Энх тал, Хараа, Бор нуурын залуус идэвхтэй оролцож нийслэлээс дөрвөн цохицтой бригад гарган 175 гишүүнээ ажиллуулсан байна. 1937 онд шинээр байгуулах арвай морин станцыг МХЗЭ шефлэн авч 750 гишүүнээ сайн дураар нь гавшгай бригад болгон ажиллуулсан байна.
 
Энэ уламжлал цаашдын жараад жилд улам өрнөн, боловсронгуй болон үргэлжилж атар газар эзэмших хоёр удаагийн аянаар эвлэлийн илгээлтийн эзэн залуучууд атарт тариа ногоо тарих ажлыг манлайлан ажиллаж атрын 13 сангийн аж ахуй шинээр байгуулалцсан бөгөөд тэдгээрийн нэг нь “Залуучууд” нэртэй сангийн аж ахуй байлаа. 
 
Атар эзэмшихээр Эвлэлийн илгээлтээр гарч ажилласан залуучуудын дотроос Н.Бямбацогт, Алтанхүү, Б.Батчулуун зэрэг хөдөлмөрийн хэд хэдэн баатар төрөн гарснаар барахгүй 1959 он гэхэд Монгол Улс дотоодынхоо гурилын хэрэгцээг атрын ургацаар хангаад зогсохгүй гадаадад сайн чанарын гурил экспортолдог орон болсон юм.
 
1930 оны хавар МХЗЭ-ийн Төв Хорооны шийдвэрээр “Улсын эдийн засгийн хүчин чадал, нүүдлийн мал аж ахуйн орлогыг нэмэгдүүлэхийн тулд малаас гарах ноос, түүхий эд, түүнчлэн байгалийн баялаг, элдэв хаягдлыг өргөн ашиглахыг зааж малын ноос, хөөвөр, ноолуураас гадна яс, тос, эвэр, туурай, байгалийн баялаг цагаан мөөг, самар жимс, тарваганы тос, шувуу, загас, туулай агнаж ашиглах, мөн хаягдал бөс даавуу, хуучин эсгий, төмөр ашиглахад эвлэлийн гишүүд үлгэрлэн оролцох ёстой гэж заажээ.
 
Энэ уламжлал зөвхөн цуглуулах хэмжээнээсээ хальж үйлдвэрлэлд ашиглах, агнах төдийгөөр бус өсгөж үржүүлэх чиглэлд орж дэлхийн дайны дараах жилүүдэд Монгол Улс залуучуудынхаа хүч, авъяасаар арьс шир, ноосон нэхмэл, хивс, ноолуур, мах, сүүн бүтээгдэхүүн, талх чихрийн зэрэг хөнгөн хүнсний үйлдвэрээр хэний ч царай харахгүй орон болж чадсан билээ.
 
“Таван хошуу малаа арван хошуу болгож, загас, зөгий, тахиа, туулай, гахай өсгөе” хөдөлгөөнийг залуучуудын байгууллага 1970-аад оны дунд үеэс өрнүүлж байсан бөгөөд өнөө үе буюу зах зээлийн харилцааны тогтолцооны шаардлагаар ахин сэргэж байна.
 
1934 онд малын бэлчээрийг усжуулахад анхаарч Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Завхан, Хэнтий, Төв аймгийн хүн малын ундааны ус ховор нутагт 60-аас доошгүй худаг малтаж гаргах үүргийг МХЗЭ-ийн Төв Хороо өөртөө хүлээн авч, мал тариалангийн яамтай гэрээ байгуулан гарын үсэг зурсан энэ уламжлал тэр цагаас хойш бараг тасралтгүй жараад жил үргэлжилж оюутан залуус зуны амралтаараа хөдөө орон нутагт явж олон зуун худаг гаргасаар мал усалгааны асуудлыг үндсэнд нь шийдэж өгч байлаа.
 
1953 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвийн 7 жилийн дунд сургуулийн барилгыг барьж буй барилгачин залуучуудаас бага, дунд сургуулиудын барилгыг барьж буй нийт барилгачин залуучуудад хандан уриалга гаргасан юм.
 
Ер нь сургуулийн гэлтгүй улс орноо барилгажуулахад залуучууд манлай хүчин байсаар ирсэн. 1955 онд барилгын ажил дээр урьд гараагүй өндөр амжилт үзүүлсэн Сансрайдорж, Дүгэрсүрэн, Жамъянсүрэн, Дамдинсүрэн, Дашцэрэн, Намсрай, Содномжамц, Загд, Ойдов, Балжид нарыг МХЗЭ-ийн төв хорооны хүндэт үнэмлэхээр шагнаж байснаас хойш монгол улсын хөдөлмөрийн баатар болсон барилгачин Г.Тэгшжавыг хүртэл олон зуун алдартай, цуутай барилгачид эвлэлийн гишүүн барилгачин залуучууд дундаас төржээ.
 
1923 оноос “Эмэгтэйчүүдийн тасгийг “МХЗЭ-ийн төв хороонд буй болгож “Эмэгтэй гишүүд дэлгэртүгэй! "Эрдэм билэг арвижтугай!” гэсэн уриаг дэвшүүлсэн бөгөөд үе үеийн эмэгтэйчүүдийн дотроос, эрдэм авъяас, ажил үйлсээрээ товойн гарсан залуу бүсгүйчүүд цөөнгүй билээ. Сургууль, цэцэрлэгийг хөгжүүлэх, хүүхдийн байгууллага пионерийн хөдөлгөөн, боловсрол, эрүүл мэндийн салбарт болон соёл урлагт эмэгтэйчүүд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирлээ.
 
Хувьсгалын партизан, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний зүтгэлтэн С.Янжмаагаас эхлээд жүжигчин Ичинхорлоо, Н.Норовбанзад, Долгарсүрэн, Цогзолмаа зохиолч Э.Оюун, С.Удвал, багш Б.Цэвэгжав, эмч Ичинхорлоо гэхчилэн залуу зандан цагаасаа нэрд гарсан олон арван ахмад эмэгтэйчүүд тэрчлэн Эвлэлийн насандаа Хөдөлмөрийн баатар болсон саальчин С.Аюуш, Ж.Доржханд оёдолчин Д.Цэнд- Аюуш, нэхмэлчин Ш.Цэрэнжаргал (2509.6 метр долгион хөнжил ноормоос илүү нэхсэн) зэрэг нэрийг нь тоочиж баршгүй цуутай гавъяатай эмэгтэйчүүд эвлэлийн эгнээнээс гараагаа эхэлсэн ажээ.
 
1931 онд“Биеийн тамир сайжруулах явдалд залуучуудаас “довтлон орогтун” уриаг МХЗЭ дэвшүүлж хөндлөн хаалт үсэрч гарах (саадтай үсрэлт), хулс тулж өндөрт үсэрч давах (тулгууртай харайлт) тугалган бөмбөг түлхэх (бөөрөнцөг), хавтгай дүгрэг төмөр шидэх (зээрэнцэг) лүн теннис, агаарын теннис, жад шидэх, олс барьж гарын хүчээр авирах зэрэг шинэ төрлүүдийг сурахыг уриалсан байна. Тэр цагаас хойш монголын залуучууд орчин үеийн спортын бараг бүх төрлийг эзэмшиж тивийн болон дэлхий, олимпийн аврагууд төрж, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Н.Түвшинбаяр, Цагаанбаатар, Лхамдэгд гэхчилэн Монгол тамирчин аваргуудыг дэлхий дахин мэддэг болсон билээ.
 
1929 оны эхээр С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн зэрэг удаа дараа МХЗЭ-ийг удирдалцаж явсан залуучууд хувьсгалын утга бүхий зохиолч нарын бүлгэм, эвлэл мэтийг байгуулах намын заалтыг хэрэгжүүлэн зохиолчдын байгууллагыг үндэслэн байгуулалцгаасан бөгөөд түүнээс өмнөх жилүүдэд ч тэд уран бүтээлээ эхэлсэн байлаа. Тэрхүү 1929 онд Ц.Дамдинсүрэн алдарт “Гологдсон хүүхэн” туужаа хэвлүүлжээ. Тэр цагаас хойш МХЗЭ нь 1943. 1963, 1975, 1989 онуудад залуу зохиолчдын улсын зөвлөлгөөнийг санаачлан зохион байгуулсан юм. Монгол зохиолчдын шилдэг бүгээлийн 16 ботиор 1983 онд Зөвлөлт улсад Орос хэлээр хэвлэгдэн гарсан билээ.
 
1937 оны тавдугаар сард “Соёл боловсролын ажлуудад залуучуудын эвлэлээс оролцох явдлыг хүчтэй болгох” заалт өгсөнчлөн удаа дараа ийм бодлого дэвшүүлснээр боловсрол шинжлэх ухааныг хөгжүүлэхэд залуучууд ихээхэн идэвх гаргаж анхны эрдэмтэнгүүд багш нарын дундаас төрж улмаар төрөл бүрийн салбарын эрдэмтэд буй болж шинэ нээлтүүд ч хийж шинжлэх ухааны Академитэй улс болсон билээ.
 
1936 оны эхээр МХЗЭ-ийн төв хороо Баянхоолойн хилийн харуулыг эвлэлийн шеф болгон авч 3000 төгрөгийн дулаан хувцас болон захидал илгээж “Эрхэм та нар бол монголын ардаас гарсан хайрт Цэрэг” гэж бичсэн ажээ. Мөн сарын 29-нд Эвлэлийн гишүүн, Булан Дэрсний харуулын бага дарга Шагдарын Гонгорт БНМАУ- ын баатар цолыг улсын бага хурлын тэргүүлэгчид шагнасан нь эвлэлийн эгнээнээс төрсөн анхны баатар юм.
 
Тэрчлэнгээр 1945 оны байлдааны баатарлаг дайчин, эвлэлийн гишүүн Л.Аюуш, Д.Данзанванчиг, С.Дампил нар улсын баатар цолоор шагнагдав. Гучаад оны хатуу ширүүн тэмцэлд баатарлагаар тэмцэж амь алдсан эмэгтэй Түвдэнгийн Бор, Х.Дамба залуу баатаруудад Монгол Улсын баатар цол нөхөн олгосон бөгөөд хилийн мөргөлдөөнд Л.Даваадорж, Б.Тэгшээ, С.Лхагаадорж нарын зэрэг баатарууд гарсан юм. Эх орон, тусгаар тогтнолоо хамгаалах үйлст Монголын залуучууд үе үеэрээ гавъяа байгуулсныг ард түмэн мартдаггүй билээ.
 
XX зууны хориод онтой золгоход таван зуу гаруйхан мянгуулаа болчихсон байсан Монголчуудад юуны түрүүн эрүүлжих, эрдэм сурах шаардлагатай байлаа. Үүний тулд багш, эмч нарыг бэлтгэхээр залуучуудаа дайчилсан юм. Тэгэхийн зэрэгцээгээр аж ахуй санхүүг шинэ маягаар эрхлэх, боловсон худалдааг хөгжүүлэх шаардалгаа хангахын тулд бас л залуустаа найдаж багш нарыг бэлтгэх сургууль, хүн эмнэлгийн болон санхүү, худалдааны техникумыг байгуулан сэргэлэн ухаалаг залуусаа сурган бэлтгэх ажил өрнүүлсэн шинэ хөгжлийн “тулгын дөрвөн чулуу нь” энэ байлаа. 
 
Эндээс эх орны хөгжлийн голомт бадарч дөч, дөрвөн зуу хүртэлх шинэ шинэ дэнлүү ассан билээ. Зууныг эзэлсэн Монголын залуучуудын гавъяаг цэгнэж, жинлэж баршгүй бөгөөд ирээдүй хойчийнх нь үйлс бүтээл нүд гялбам, сэтгэл сэргэж, зүрх хөөрөм аугаа гэдэгт итгэнэм.
 
Ардын залуус мандтугай!
Ард түмэн жаргатугай!
 
Л.Түдэв
Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, 
Ардын уран зохиолч, 
МХЗЭ-ийн ахмад зүтгэлтэн, доктор