sonin.mn
Өнөөдөр Ардчилсан нам сон­гуульд ялагдсан нь зөвхөн Ардчилсан намын ялагдал биш, манай улс төрийн тогтол­цооны ялзрал, хямралын нэг шинж тэмдэг юм. Сонгуульд ялж төр засаг байгуулсан улс төрийн нам, төр засаг ийм л хямралын замыг урт, богино хугацаанд туулж ялагдах жамтай аж.
 
Энэ бол угтаа эрх мэдлийн хямрал, ялзрал бөгөөд бид сүүлийн 20 гаруй жил байнга л энэ хямралын үр дагаварыг амсаж байна. Эрх мэдлийн төлөө шунасан энэ хямрал нь аль нэг нам, эвсэл, намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сай­даас хамаарахгүй, байнга дав­тагдаж, ил, далд хэлбэрээр улам урхагшиж газар авч байгаа, тогт­вортой оршиж буй бодит үзэгдэл юм.
 
Монголын нийгэм хувьсан өөрчлөгдөж шинэ үе, давхарга бий болж, ши­нэ хандлага, соёл, хэрэгцээ бий болсоор байхад улс төр нь эрх мэдлийн хямралаасаа гарч чадахгүй байгаад олон нийтийн бухимдал их байна. Энэ бүхэн эцэс­тээ эрх мэдлийг хаана, хэн төв­лө­рүүлэх вэ гэдгээс үүдэлтэй жам ёсны бус эрх мэдлийн төв­лөрлийн хямрал юм.
 
Эрх мэдлийн хямралын цаад эмгэг шалтгаан нь юу вэ гэдэг туйлын чу­хал. Түү­нийг ойлгож, засах замыг эх­­лүүлбэл улс төрийн эрүүл орчин бий болж, улс орон, түмэн олны эрх ашигт тустай. Эс бөгөөс энэ байд­лаараа хямрал зөр­чилд дунд бүдэрч явсаар сэхэх аргагүй хямралд гүн нэр­вэгдэнэ.
 
Улс төрийн тог­тол­цооны хямрал, ялзралын том, жижиг олон шалтаг шалтгаан бий боловч эрх мэд­лийг зүй бусаар олж авч жам ёсны бус эрх мэдлийг  төв­лөрүүлсэнээс үүсч байгаа улс тө­рийн эрх мэдлийн хямралын хэдэн жишээг авч үзье.
 
1.Төрийн дээд эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй хямрал
 
Энэ бол 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тавих үзэл баримтлалыг өөрчилсөнтэй хол­боотой юм. Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтөөс болж Зас­гийн газар нь бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрддэг, УИХ нь Засгийн газрын ги­шүүдээс бүрддэг болсон.
 
Үүний үр дүнд Монгол Улсад пар­ламентын хяналт үндсэндээ байхгүй болж, УИХ нь Засгийн газрынхаа ивээл, хяналтад орж, Засгийн газар нь дур зор­гоороо ямарч хяналтгүй ажил­ладаг болсон. Хяналтгүй Зас­гийн газрын тарьсан гай ба­лагийг тоочоод баршгүй нь дээр тун ноцтой үр дагаварыг бий болгодог. Төрийн дээд эрх мэдлийг ингэж хутгасанаас болж Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хуваарилалт, хя­налт байхгүй болсон юм.
 
Уг нэмэлт,  өөрчлөлтийн үр дага­вар нь Засгийн газарт хя­налтгүй давуу байдлыг үеийн үед бий болгож иржээ. Өнөөдөр Монголд эрх мэдлийг өөртөө хэт төвлөрүүлэх, давхар дээл өмсөх хүсэл сонирхол, өрсөл­дөөн, хандлага ил цагаандаа гар­сан. Үүний нэг тод жишээ бол сая сонгогдсон УИХ-ын шинэхэн нэгэн гишүүн “Пар­ла­ментын бяр нь давхар дээ­лэндээ байдаг” гэж хэлснээс харж болно.
 
Үндсэн хуулийн 2000 оны нэмэлт, өөрчлөлт бол өнөөд­рийн улс төрийн эрх мэд­лийн хямрал, ялзралыг бий бол­го­сон гол шалтгааны нэг юм. Цаа­шид парламентын хяналтыг сэр­гээж, УИХ-ын гишүүн нь Ерөн­­хий сайдаас бусад Засгийн газ­­рын гишүүн болдог явдлыг хяз­­гаарлаж, Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрч­­лөлтийг хүчингүй болгох ёстой.
 
2.Нам, төрийн эрх мэдэл хутгалдсанаас үүдэлтэй хямрал
 
Сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намд төрийн  хэрэгт “орохгүй”, “мэдэхгүй” зүйл байх­гүй болж, төрийн эрх мэд­лийг булаацалдаж, төрийн дээр нам гарч ирэв. Уг нь бид 1990 онд “нам нийгэм, төрийг чиг­лүүлэгч, жолоодогч байна” гэсэн үзэл суртлыг халж, тө­рийн эрх мэдэл ард түмний гарт байх ардчилсан дэглэмийг сон­госон.
 
Намын дарга, түү­ний тойрон хүрээлэгчид сон­гуулиар сонгогдсон шинэ хү­мүүст төрийн эрх мэдлийг алд­­чихгүй нь тул нам дээр эрх мэдлийг төвлөрүүлдэг, намаар далайлган дарамталдаг, төрийн эрх мэдлийг намаар дамжуулан барьдаг коммунист намын ар­га барил улам боловсронгуй болж амь бөхтэй оршиж бай­на.
 
Энэ бол нам нь нийгэм, тө­рийг удирддаг хуучин дэглэм сэргээд ирсэнтэй адил юм. Өнөө­дөр Монгол Улсад нам, төрийн эрх мэдэл  хутгалдаж, төрийн хэргийг нам, намын нэр дор фракц, хэсэг, бүлгийн сонирхол, үзэмжээр шийдэх явдал газар авсан.
 
Ардчилсан нийгэмд Монгол Улс шилжсэн үеэс хойш хамгийн бага ши­нэч­лэлт, өөрчлөлт явагдсан, ний­гэмд өөрчлөлт шинэчлэлийн хурдаараа сүүл мушгаж байгаа инс­титут бол улс төрийн нам юм. Намын шинэчлэл бол зөв­хөн тухайн намын асуудал биш, улс төрийн тогтолцооны ши­нэч­лэлийн үндэс гэж харж бол­но.
 
Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд ард түмний нийтлэг эрх, ашиг сонирхлын төлөө ажиллах, ард түмнээс ол­госон эрх мэдлээ эдлэх ёстой байтал нэн тэргүүнд намын шийдвэрийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй болж хувирсан.
 
Мон­голд өнөөдөр асуудлыг хууль биш, нам шийддэг болж, нам нь төрийн бүх албан тушаалыг мөнгө олох хэрэгсэл гэж харж тэр­бум тэрбумаар нь худалдаж хувиарладаг “машин” болсон. Бодит байдал дээр нам төрийг удирдаж байгаа нь Үндсэн хуулийн бус үйлдэл бөгөөд төр цаашид өөрөө өөрийгөө удир­даж чадах эсэх нь тун эргэл­зээтэй байна.
 
Намаас төрийн олон хэрэгт “хошуу дүрдэг” болсноор Монголын төр “най­рын ширээний ууц” шиг л болж байна. Улс төрийн нам сонгуульд ялалт байгуулсаны дараа парламентад намын бүл­гээ байгуулж өгөөд түүнээс цааш төрийн аливаа хэрэгт хөнд­лөнгөөс оролцох эрхгүй, олон нийтийн байгууллага гэд­гээрээ төрөөс тусдаа байна.
 
Улс төрийн нам бол төрийн институт биш учир төрийн аливаа хэрэгт хошуу дүрэх ёсгүй, төрийн инс­титутэд багтаж намыг төлөөлөх байгууллага бол УИХ дахь На­мын бүлэг. Гэтэл нам нь тө­рийн хэрэгт хөндлөнгөөс шууд болон шууд бусаар оролцож төрийг хям­руулах, хүчгүйдүүлэх, тө­рийн эрх мэдлийг намд төв­лө­рүүлэх эх үндсийг тариад байна.
 
Нам нь төрийн асуудлыг шийддэг болсноор УИХ дахь намын бүлэг завсрын, хавсрага шинжтэй болов. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэж­лийн Зас­гийн газрын гишүүд, сайд на­рын томилгооны асуудал хэ­лэл­­цэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “… зарим сайдыг на­мын­хаа нэр хүндийг баран байж дэмжиж байгаа шүү. Энэ бол гашуун боловч үнэн үг”, мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэгдэхгүй бод­логоор тулган дэвшсэн эдгээр сай­дуу­дыг нэг бүрчлэн бүлгийн хуралдаанд нууцаар санал ху­раах ёстой” гэх зэргээр үзэл бод­лоо илэрхийлсэн нь бодит байдал дээр нам ард түмнээс сон­гогдсон гишүүдэд төр ба­рих эрхийг нь өгөхгүй, ха­рин уг эрхийг нь “дарж суу­чихаад” байгааг харуулж бай­гаа юм.
 
Энэ нь намын шууд удирд­лагатай Засаг төр бий болж,  ард түмнээс сонгогдсон гишүүд төрөө удирдаж чадахгүй, тө­рийн зовлон нь нам болж хувир­саныг илтгэнэ. Нэгэнт нам нь төрөөс хүчтэй тул намд хэсэг бүлэг, фракцууд эрчээ авах нь тодорхой юм.
 
Цаашид төрийг намын хэт нөлөөллөөс салгаж авахгүй бол мэргэшсэн төрийн албан хаагч байхгүй, хүчгүй сул төр засаг удаан оршин тогтнож чадахгүй юм. Нам бол улс төрийн сон­гуульд нэр дэвшигчдээ дэв­шүүлэн ордог байгууллага бо­­лохоос төрийн эрх мэдлийг ба­рих байгууллага биш.
 
Төрийн эрх мэдлийг сонгуульд орж ард түмнээс сонгогдсон хүмүүс хэ­рэг­жүүлэх ёстой. Монголын улс төрд нам, төрийн зохистой ха­рил­цааны  зөв тэнцвэр чу­хал байна.
 
Цаашид төр, нам хоё­рын зааг, эрх хэмжээг тодор­хой зааглах, намаас төрийн эрх мэдлийн асуудалтай хут­гал­­дахгүй байх эрх зүйн ор­чин, баталгааг бүрдүүлэх, тө­рийг дээш нь татаж цомхон, чад­варлаг болгож товойлгох, на­мын мөнгөнд шунасан хүс­лийг нь дарж намсган байранд нь тавих шаардлагатай тул улс төрийн намын шинэтгэл хийж, намын тухай бие даасан хуу­лийг шинэчлэн батлах хэрэгтэй байна.
 
3.Хуулийн засаглалыг үгүй хийснээс үүдэлтэй хямрал
 
Монголд өрнөсөн улс төрийн эрх мэдлийн тө­лөө тэмцэл нь хуулийн за­саглалыг нэгэнт үгүй хийж орхив. Хууль хэ­рэг­­жихгүй болсон манай нийгэмд дур зоргийн үйл­дэл, үйл явдал цэцэглэж хөгжсөн нь эцэстээ эн­гийн зүйл мэт дасаж ор­хив. Хуульгүй нийгэм бол сэлүүргүй завьтай далайд явахтай адил.
 
Монгол Улсын Үнд­сэн хуульд Ерөнхий сайд нь төрийн хуулийг хэрэг­жүүлэх, биелүү­лэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэж заасан ч Монголд хуулийг чанд мөр­дүүлэх талаар доривтой алхам хийсэн Ерөнхий сайд хо­вор. Харин ч Монголд хуу­лийг эрх мэдэлтэй хүмүүс хам­гийн их зөрчиж “эр бяр”-аа үзүүл­дэг бол­сон. Хууль зөр­чиж зүй бу­саар эрх мэд­лээ хэрэгжүүлж бай­гаа нь эрх мэдлийн хямрал юм.
 
Хүмүүс бол угаасаа л ашиг сонирхолтой байдаг, үүнийг нь төрөөс хууль бат­лан чанд мөр­­дүүлэх замаар зо­хи­­цуулалт хийдэг. Өн­гөр­сөн хуга­цаанд хуулийг хатуу чанд мөр­дүүлэхгүй, хууль зөрчсөн явдалд хариуцлага тооцохгүй, хүлцэнгүй хандсанаас болж хэрэг­жилт тааруу олон боть хууль­тай болоод байна.
 
Төр, нийгмийн нэрт зүт­гэл­тэн, Гавьяат хуульч Б.Чимид “Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимэр амьдрах арга ухаан мөн” гэж хуулийн засаглалын мөн чанарыг тодорхойлсон байдаг.
 
Харамсалтай нь өнөө­дөр Монгол Улсад хуулийн засаг­лал хүчгүй, сул бөгөөд хууль дээдлэх зарчим, хуулийг чанд мөрдөн хэрэгжүүлэх явдал хямралын доод төвшинд хүрч ирээд байна.
 
Хуулийг батлах, мөрдөн хэрэгжүүлэхэд үлгэр жи­шээ болох ёстой хүмүүс нь хуулийн нэр хүндийг уна­гаж, хуулийг дур зоргоороо зөр­­чих, эрх мэдэл, албан ту­шаа­л­тан өөрт нь хориг, саад бол­сон хуулийг санаатайгаар тү­рэм­гийлэн зөрчиж, хуулийн за­саг­лал, түүний нэр хүнд, нө­лөө бараг байхгүйтэй адил болгов.  
 
Энэ мэт эрх мэдлийг олж авах гэсэн 20 гаруй жилийн өр­сөл­дөөн, тэмцлийн үр дүнд эрх мэдлийн “гажиг” тогтолцоо бүрэл­дэж энэ нь улс төрийн эрх мэд­лийн хямралын үндэс суурь болж байна.
 
 
Д.ОРОСОО