sonin.mn
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр ээлжит “Сайдын шуурхай” хуралдаанаа зохион байгуулж,  тус салбарт тулгамдаад буй асуудлуудаа хэлэлцлээ.
 
Тэрбээр өмнөх шуурхайгаар “Автотээврийн тухай”, “Авто замын тухай”, “Иргэний нисэхийн тухай” хуулиудыг шинэчлэн, “Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж, батлуулах санал гаргасан. Харин энэ удаагийн шуурхайгаар “Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионд тавих техникийн шаардлага, хэрэглэх дүрмийн үндэсний стандарт”-ыг шинээр боловсруулах, “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-д өргөн барих санал гаргалаа.
Түүнчлэн өмнөх хуралдаанаар зам барихдаа чанар, стандарт зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох болсон. Энэ хүрээнд зам барилгын ажлын алдаатай болон өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зураг төслийн жагсаалтыг гаргажээ.
 
Өнөөдрийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд “Чингис хаан” нисэх буудалд үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлүүдийн эмх замбараагүй үйл ажиллаг цэгцэлж, олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулах боломжийг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг