sonin.mn
Монгол, БНСУ-ын Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хамтын ажиллагааны дугуй ширээний ярилцлага өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” танхимд боллоо.
 
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/, Солонгосын сэтгүүлчдийн холбоо харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны дөрвөн жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэгийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны гишүүн, тус улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
 
 
Тодруулбал, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жун Киу Сунг /Jung Kyu Sung/ болон дөрвөн дэд тэргүүн, “The Joong Bu Maeil”, “MBC”, “Gyeongi-gi ILbo”, “The Kyunghyang Daily News F” зэрэг сонин, сайт, телевизийн нийт 11 төлөөлөл Монгол Улсад долоон хоногийн хугацаатай айлчлах юм. Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол, Солонгосын сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт боллоо.  Уулзалтад Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид,  гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцов.
 
Уулзалтын үеэр Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жун Киу Сунг “Бидний хамтын ажиллагаа дөрвөн жилийн нүүр үзэж буй өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагаагаа харилцан өргөжүүлж чадлаа. Хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцож, хоёр орны түүх, соёл, ёс заншил, хэвлэл мэдээллийн салбартай танилцах аяллыг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаад бид томоохон бүрэлдэхүүнтэй Монгол Улсад хүрэлцэн ирж, хэвлэл мэдээллийн байгууллага, тэдний өдөр тутмын үйл ажиллагаа, цаашлаад улс орны хөгжил, дэвшлийг үзэж танилцахаар хүрэлцэн ирээд байна.
 
Энэ айлчлалаар бид хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд цаашид харилцан мэдээ мэдээлэл солилцох, хамтарч ажиллах шийдлээ олно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.  Харин МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид цаашид хоёр орны сэтгүүлчдэд түүх соёл, уламжлал, хэвлэл мэдээллийн нөхцлийг судлах замаар цаашид контент хамтран бэлтгэх боломж байгааг онцолж байв. Дашрамд дурдахад, өнгөрсөн тавдугаар сард МСНЭ-ээс зохион байгуулан Монголын  хэвлэл мэдээллийн 10 сэтгүүлч, төлөөлөгч БНСУ-д айлчлаад ирсэн юм.
 
Д.Өлзий

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг