sonin.mn
УИХ-ын Ээлжит бус чуулганыг энэ долоо хоногийн сүүлээр зарлан, тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс төлөвлөжээ. 
Ээлжит бус чуулганаар өмнөх УИХ-аар хэлэлцэх ёстой байсан, хуулийн хугацаатай хэд хэдэн асуудлыг хэлэлцэх шаардлагатай юм.
 
Тодруулбал Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багтаж байгаа юм. Мөн Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.
 
Үүнээс гадна Ээлжит бус чуулганаар хэлэлцэх нэн чухал асуудал нь 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон 2016 оны Төсвийн тодотгол. Төсвийн тодотголыг хийж батлахгүй бол төсвийн нийт алдагдал ДНБ-ий 21.6 хувьтай тэнцэх эрсдэлтэй байгааг Засгийн газраас анхааруулаад байгаа юм. 
Тиймээс Ээлжит бус чуулганыг энэ долоо хоногийн сүүлээр буюу 25,26-ны пүрэв, баасан гарагийн нэгэнд зарлах магадлалтай байна. 
 
Н.Туяа

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг