sonin.mn
Голомт банкны удирдлагууд болон хамт олны санаачилгаар үүсгэн байгуулагдсан Монголын анхны хувийн тэтгэврийн сан болох Тэтгэврийн Ууган Сан /ТУС сан/ нь 2010 оноос үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Тэгвэл ТУС-ийн гишүүн, Голомт банкны ахмад ажилтан С.Алтангэрэл ТУС-аас “анхны” тэтгэврээ авч эхэлжээ. 
 
ТУС: Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө олон жил улсад тасралтгүй хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад сууж байгаа танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Та улсад нийт хэдэн жил ажиллав? Голомт банканд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
 
А: Та бүхэндээ баярлалаа. Миний хувьд улсад 40 гаруй жил, үүнээс Голомт банкандаа 15 жил ажиллажээ. Манай банкны залуус өндөр мэдлэг боловсролтой. Хүн бүхэнтэй тэгш сайхан харьцдаг, шижигнэсэн залуус бий.
 
Тэдэнтэйгээ хамтарч ажиллахад ямагт сайхан энергийг авдаг юм. Манай банкнаас ажилтнууддаа зориулсан урлаг спортын болоод нийгмийн асуудалд нь анхаарсан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Тэдний нэг нь Тэтгэврийн Ууган Санг үүсгэн байгуулсан явдал гэж би боддог. 
 
ТУС: Та хэзээнээс ТУС санд хамрагдсан бэ? Залуучуудын хувьд тэтгэвэрт сууна  гэдэг нь  их хол сонсогддог. 
 
Үнэхээр тийм шүү. Залуу насанд юун тэтгэврийн талаар бодох. /инээв/ Хөгшрөхгүй  юм шиг л санаж явжээ. Манайхан чинь тэгээд цагийг нь тулгаж байж л ойлгодог хүмүүс юм байна.
 
Миний хувьд л гэхэд ТУС сангийн талаар ойлголт мэдээлэлтэй байсан хэдий ч нэлээн хожуу элссэн. Гэхдээ байгууллагаас давхар мөнгө хийдэг болохоор мөнгө маань овоо өссөн  байна лээ. 
 
ТУС: Та улсаас авах  тэтгэврээ  тогтоолгосон уу? 
 
Төрийн тэтгэврээ хараахан тогтоолгож амжаагүй байгаа. Яг 60 нас хүрээд тэтгэвэр хөөцөлдөх эрх нь үүсдэг юм байна. Ер нь яаж ч бодсон сарын цалинтай дүйцэхгүй л дээ. Цалин аваад сурсан хүнд, орлогогүй болох ч хэцүү л байлаа.
 
Тэгсэн ашгүй ТУС сангаас тэтгэврээ аваарай гээд утасдахад бөөн баяр болсон шүү. Под хийгээд л явчихсан. Эртхэн хамрагдсан  бол  бүр их мөнгөтэй сууж байхгүй юу. Залуучууддаа хандаж хэлэхэд эртхэн ТУС санд хамрагдаарай. Их хэрэгтэй эд шүү.  
 
ТУС: Голомт банкны  ахмад ажилтан, ТУС сангаас анхны тэтгэврийн хуримтлалаа гардан авсан гишүүний хувьд хамт олондоо болон  сангийн гишүүддээ  үг  хэлнэ  үү хэмээн хүсч байна.
 
Нийт хамт олон, залуучууддаа цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэж, зорилгынхоо төлөө дор бүрнээ хичээнгүйлэн ажиллаж улам бүр өөдөө дэвшин явахыг хүсье.  
 
Мөн Тэтгэврийн Ууган сан маань улам олон гишүүнтэй болж, тэдний ирээдүйн санхүүгийн баталгааг хангах, нэмэлт тэтгэврийн орлоготой болоход нь тусалж дэмжиж ажиллаарай хэмээн хүсэж байна.