sonin.mn
Монгол Улсын Гадаад харицааны сайд Ц.Мөнх-Оргил Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, тус банкны гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгуен, төслийн удирдагч Д.Жигжидмаа болон үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир нарыг хүлээн авч уулзав.
 
Сайд Ц. Мөнх-Оргил шинэ Засгийн газрын бүтэц, чиг үүрэг болон макро эдийн засгийн байдлыг тогтворжуулах, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Засгийн газраас төлөвлөж буй арга хэмжээний талаар Дэлхийн банкны төлөөлөгчдөд товч танилцууллаа. Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хариуцсан газар Гадаад харилцааны яамны бүтцэд ирсэн тул монголын экспортын бүтцийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх болон олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээрт нэгдэх асуудлыг судлах зэрэг чиглэлд Дэлхийн банктай хамтран ажиллах боломжтой талаар сайд Ц.Мөнх-Оргил хэлэв.
 
Дэлхийн банкны төлөөлөгчид тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийн талаар сайдад мэдээлэл өгч, цаашид бүс нутгийн эдийн засгийн интеграци, олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээ хийх үндэсний багийг сургах зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжуудыг нарийвчлан ярилцахаар тохиролцов.