sonin.mn
Энэ жилийн "Ганга нуурын чуулган 2016" наймдугаар сарын 27, 28-нд болно.
 
Сүхбаатар аймгийн захиргаа 2014 оноос эхлэн Ганга нуурын чуулган хэмээх арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төсөл нь байгаль экологи, түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дарьганга ёс заншлыг сэргээхэд чухал алхам болж байгаа юм. Мөн монгол нутгийн нэгэн гайхамшигт баян бүрд болох Ганга нуурыг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулахад уг хөтөлбөрийн нэг зорилт чиглэдэг.
 
"Ганга нуурын чуулган 2016" үйл ажиллагааны хөтөлбөрөөс танилцуулбал, ирэх бямба гарагийн өглөө Дарьганга нүүдэлчний өв, Дарьганга гэр бүхий нүүдэлчдийн эд өлгийн соёлын үзэсгэлэнг Дарьганга, Онгон, Асгат, Халзан, Наран, Баяндэлгэр сумдын иргэд оролцон зохион байгуулна. Нээлтийн ажиллагаанд энэ сумдын ардын авьяастнуудын тоглолт, морин хуурын татлага, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, угсаатны зүйн музейн Дарьганга мөнгөн урлалын ховор үзмэрүүд тус тус дэлгэж үзүүлнэ.
 
Үдээс хойш Дарьганга адууны соёл, Дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий хос морьтны үзүүлбэр, Дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий жороо морины үзүүлбэр, Дарьганга марзай дуудах уралдаан, адууны дэл засах уралдаан зэргийг зохион байгуулна. Мөн тус өдрийн орой “Жаахан Шарга” ХЖТ-ын тоглолт, үдшийн цэнгүүн болно.
 
Харин ням гарагт Дарьганга нүүдлийн соёл /Өргөний голд/, Дарьганга нүүдэллэх зан үйл, ёс уламжлалын өдөрлөг зохион байгуулж шинэ нутаг сонгох, нүүдэллэх ёс, гэр барих, Дарьганга шавар зуух барих, шинэ нутгийн цай чанах, идээ тахил өргөх, шимийн архи нэрэх ёс, уламжлалт зан үйлийг сэргээх хөтөлбөрүүдийг толилуулна.
 
Дарьгангын уламжлалт аман билиг, зан үйлийг харуулсан зохиомжит жүжигчилсэн тоглолт болон “Жаахан шарга” дууны найр зохион явуулна. Төгсгөлд нь “Ганга нуур” чуулганы хаалтын ёслол Ганга нуурын хөвөөнд болж Ганга нуурын хамгаалалтын талаар ярилцаж, энэ ажилд идэвх зүтгэл гаргаж байгаа хамт олон, хүмүүст шагнал гардуулах ёслол болж өндөрлөнө.
 
Д.Өлзий