sonin.mn
БНЭУ-ын Хилийн Аюулгүй Байдлын Хүчин (ХАБХ)-ий 10 офицер энэ сарын 7- 21-нд Монгол Улсын хилийн хэсэгт сургалтад хамрагдлаа.
 
ХХЕГ, БНЭУ-ын ХАБХ-ний хооронд байгуулсан хамтранажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан тус сургалт нь “Хил хамгаалалтад морин уналга ашиглах нь”, “Хил хамгаалалтад техник хэрэгсэл, технологийн ололтыг ашиглах нь” сэдвээр болсон юм.
 
БНЭУ-аас Сургалтын  бүлгийн даргаар ажилласан хурандаа Жамийл Ахмад “Энэ удаагийн сургалтаар  бид хилийн гурван хэсэгт сургалтад хамрагдлаа. Орчин үеийн  техник, технологи  дээр Монголын хилчид чадварлаг ажиллаж байна.  Монгол Энэтхэгийн хилийн албанд адил төстэй зүйл олон байгуу тул ирээдүйд хамтарсан сургалтуудыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Монголын хээр талыг үзлээ. Энэ сайхан агаар, ус, байгалиар нь бахархгүй байхын аргагүй юм. Мөн хилчид, ард түмэн найрсаг сайхан хүмүүс юм” хэмээлээ.
 
Мөн  “Хил хамгаалалтад морин уналга ашиглах  нь” сэдэвт сургалтад хамрагдсан хошууч Хармендра Гилл  “Бид хилийн хэсэгт морин уналгаар хил хамгаалалтыг зохион байгуулах дадлага сургалтад хамрагдлаа. Сургалт маш сайн чанартай явагдсан.
 
Чадварлаг сургагч нараас морийг албанд ашиглахаас гадна, хэрхэн арчлах, сургах талаар олон зүйлийг сурлаа. Монгол орны хойд хэсэгт цаг агаар, газар орны байдал маш ширүүн юм билээ. Ой мод ихтэй, шороон замтай учир хил хамгаалалтыг явганаар зохион байгуулахад үнэхээр хүндрэлтэй санагдсан. Тийм учраас морь бол монгол хилчдийн дотны анд юм гэдгийг мэдэрсэн” хэмээгээд биднийг хүндэтгэн хүлээн авсан монголын нийт хилчдэд баярлаж талархсанаа илэрхийлсэн юм.
 
2009 оноос хойш Монголын  хил хамгаалах байгууллагын 80 орчим хилчин БНЭУ-д англи хэл, компьютер, “Тусгай хүчний сургагч багш”-ийн дамжаа, “Мэргэн буудагч болон тэсрэх бөмбөг аюулгүй болгох” дамжаанд суралцсан байна.
 
Ч.Ариунболд

Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг