sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Өнгөрсөн 7 дугаар сарын хугацаанд Хятадын нам, төрийн байгууллагуудын 4400 гаруй хариуцлагатай ажилтнуудыг сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр шийтгэсэн тухай Синхуа агентлаг мэдээллээ.
 
Дурдсан хугацаанд Хятадын Коммунист намын Хянан шалгах Төв комиссоос намын болон төрийн 139 байгууллага, төрийн өмчийн 106 компани болон 15 санхүүгийн байгууллагад шалгалт явуулжээ. Төрийн түшмэдийн хамгийн ихээр гаргадаг зөрчлүүдийг тоочвол, хууль бусаар их хэмжээний шагнал урамшуулал олгох, элдэв бэлэг сэлт бусдад өгөх, авах, албаны автомашиныг зориулалт бусаар ашиглах зэрэг явдал байв.
 
Харин эдгээр сахилга хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авсан талаар Төв комисс дурдсангүй.
Энэ оны эхний хагас жилийн хугацаанд намын байгууллагын ажилтан болон төрийн албан хаагч 163 мянга орчим хүнд сахилгын шийтгэл оноожээ. БНХАУ-ын дарга Си Жинпин тэргүүтэй “тавдугаар үе”-ийн шинэ удирдагчид засгийн эрхэнд гарснаас хойш тус улсад авлига, хээл хахуулийн эсрэг кампанит ажил эрс идэвхжсэн юм.  
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг