sonin.mn
“Ярилцах цаг” булангийн зочноорУИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожавыг урилаа.
 
-Төрд гарсан хүмүүс Үндсэн хууль руугаа алдаагаа чихэж,  өөрчилнө гэж ярьдаг ч хэрэгжүүлдэггүй. 2016 оны сонгуулийн дүнд Үндсэн хуулийг өөрчлөх олонх бүрдлээ гээд шуугиж байна. Энэ бүхэнд та ямар дүгнэлт хийж байна? 
 
-Аль ч засгийн үед өөрсдийн гаргасан дутагдал, болж бүтэхгүй байгаа зүйлүүдээ 1992 онд батлагдсан Үндсэн хуультай холбож тайлбарлах гээд байдаг.
 
Үүнийг би үндэслэлтэй тайлбар биш гэж боддог. Гэхдээ энэ бол Үндсэн хуулийг хөдөлгөхгүй, өөрчлөхгүй байх нь зүйтэй гэсэн үг биш. Үндсэн хуулийг сайжруулах шаардлага, хэрэгцээ байна уу гэвэл байгаа. Яаруу түргэн хийчих зүйл биш л дээ. 2000 оны өөрчлөлт шиг юм болгочихож болохгүй. Нухацтай боловсруулах шаардлагатай. Монгол Улсын түүхээс үзвэл дөрвөн Үндсэн хууль батлагдсан. Үндсэн хууль гарах бүртээ түүхэн тодорхой нөхцөл байдлыг харгалзаж өөрчлөлт хийж байсан. 1924, 1940, 1961, 1992 оны хуулиуд ийм байдлаар явж ирсэн.
 
Одоогийн мөрдөж байгаа хууль бол 1992 оных. Тухайн үед түүхэн нөхцөл байдал бодитой бүрдсэн. ЗХУ-ын заавар зөвлөгөөгөөр бид олон жил явж ирсэн. Гэтэл ЗХУ тэр үед задарч Монгол руу анхаарал тавих, дотоод оролцоо нь бараг байхгүй болсон. Мөн манай улсын БНХАУ-тай харилцах харилцаа ч төдий л сайжирч чадаагүй үе. Нөгөөтэйгүүр дэлхийн бараг бүх улс оронд өөрчлөлт гарч, нийлэх нь нийлж, задрах нь задарч хөгжлийнхөө шинэ үе шат руу орсон. Тийм үед 1992 оны Үндсэн хууль батлагдсан.
 
-Одоо мөрдөж байгаа 1992 оны Үндсэн хуулийн давуу тал нь юу вэ?
 
-Нэгдүгээрт, бусад орноос хараат бус хийгдсэн. Хараат бус байна гэдэг нь бусад орны хууль тогтоомжид байдаг зүйлүүдийг огт харалгүй 430-аад хүн нийлээд хийчихсэн гэж буй юм биш. Авах, гээхийн ухаанаар хандсан. Үндсэндээ Монголын ард түмний хамтын бүтээл.  Гурван сарын турш ард түмнээрээ хэлэлцүүлсэн. Нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн хамгийн авууштай бөгөөд давуу тал нь Монголын ард түмний зөвшилцлийн дүнд бий болсон бичиг баримт. Аль ч орны Үндсэн хууль тухайн орны ард түмний итгэл үнэмшил дээр үндэслэгдэж бичигдсэн байвал хэрэгжих магадлал нь ч, батлагдах магадлал нь ч өндөр байх учиртай. Тэр үед улс төрийн намууд шинээр бий болж байсан. Бүх намын оролцоог хангасан.
 
-Намуудыг том, жижиг, эрх баригч гэж ялгаагүй гэсэн үг үү?
 
-Тэрийг тооцох­гүй­гээр Дээд шүүхэд бүртгэлтэй бүх намын төлөөллийг оролцуулсан. Дээр нь тухайн үеийн АИХ-ын депутат бүх сумдын төлөөлөлтэй байсан. Нэг талаар жалга довны үзэл гэж шүүмжлэгддэг боловч Монголын бүх нутаг дэвсгэрийг хамарсан засаг захиргааны нэгж, түүний төлөөлөл оролцож Үндсэн хууль маань бүтсэн.
 
-Тэгвэл одоо эцэг хуулиа өөрчилье гэж байгаа нөхцөл байдлыг та юу гэж үзэж байна?
 
-Юуны өмнө бодох ёстой. Яаж өөрчлөх вэ, юуг нь өөрчлөх вэ гэдгийг  бодож тунгаалгүйгээр хийж болохгүй. Одоо Үндсэн  хуулийг шинээр хийхэд миний бодож байгаагаар бол өнгөрсөн 25-26 жилийн хооронд улс төрийн намууд үзэл онолын хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч олигтой төлөвшиж чадсангүй. Одоогийн эрх барьж байгаа, үүний өмнө эрх барьж байгаад сонгуулиар ялагдсан намуудын хувьд ч тэр. Ер нь үзэл онолын хувьд нэг нь нөгөөгөөсөө ялгагдах юм алга. Монгол Улс яаж ямар замаар хөгжих вэ гэдэгт 1992 оны Үндсэн хуулиар тавигдсан үзэл онолыг хэрэг дээрээ огт хэрэгжүүлсэнгүй.
 
Ерөнхийдөө Үндсэн хуулиас гажсан бодлого, үйл ажиллагааг явуулж ирлээ. Монгол Улс 1990 оноос эхлэн ардчиллын замаар замнасан нь зүйтэй. Эхний тавьсан алхам, тавьсан шаардлагууд, хийсэн үйлдлүүд нь зөв байсан. Тэгэхдээ сүүлийн 20 гаруй жилд  түүнийгээ хэрэгжүүлэх үйл явцад нь алдаа завхрал, дутагдал маш их гарлаа. Ардчилал бидний бодож, төлөвлөж байснаас огт өөрөөр хэрэгжсэн. 1991 онд Үндсэн хууль хийхдээ нэг намын удирдлагаас салъя. Олон намын тогтолцоотой байя, ардчиллын зам руу эргэлт буцалтгүй оръё гэсэн зорилтын дор Үндсэн хуулийн бүх заалт хийгдсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд тийм байж чадсангүй. 
 
-Энд та ямар жишээ, баримт хэлэх бол?
 
-Нэг намын даран­гуйллаас 1992 оны Үндсэн хуулиар гарсан бол эргээд хоёр намын дарангуйлал, тэдний цөөн тооны удирдах хүмүүсийн алсын хараагүй, бодлого зорилгогүй үйлдлүүдийг хангалттай хийлээ. Өнөөдөр нам төрийг удирдаж байна. Эрх баригч намын Гүйцэтгэх зөвлөл, Удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр Монголын парламент, Засгийн газар асуудлыг шийдэж чадахгүй байна шүү дээ.
 
Уг нь Үндсэн хуулийн заалтуудыг сайн унших  юм бол парламентын засаглалтай, төрөө удирдаад явах чиглэлээр хуульчилсан байгаа. Гэтэл хуулиа хэрэгжүүлж ажилласангүй. Өнөөдөр намын удирдлагын үгийг төр дуугүй биелүүлдэг болсон. Энд зөвхөн УИХ, Засгийн газар төдийгүй хууль хяналтын байгууллагууд ч намд үйлчилдэг аппарат, хэрэгсэл болж хувирлаа. Энэ ардчиллын гажуудал.
 
-Тэгвэл цаашид Үндсэн хуульд хийх өөрчлөлтөд  юуг илүүтэй анхаарч, ямар өөрчлөлт хийх ёстой вэ?
 
-Үндсэн хуулиа өөрчлөхдөө ардчиллын зарчим, үнэт зүйлийг бэхжүүлсэн заалтуудыг оруулж өгч боловсруулах нь зүйтэй юм. 1992 оны Үндсэн хуульд үүнийг гүйцэд хийж өгөөгүй. Тэр үеийн нөхцөл байдлаас болж, холимог шинжтэй заалтууд нэлээд орчихсон. Манай Үндсэн хуулиар парламент л гэхэд сонгодог утгаар авч үзвэл бусад орныхоос арай өөр. Ерөнхийлөгчийн хувьд авч үзвэл эрх мэдэл нэлээд их орсон.
 
Уг нь Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Бэлгэдлийн шинжтэй Ерөнхийлөгч байхаар хуульчилсан боловч сүүлд АИХ-ын зарим депутатын мэтгэлцээний дүнд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Дээд шүүх, прокурорын боловсон хүчнийг томилоход оролцдог оролцоо нь түлхүү болоод явчихсан. Тиймээс цаашид сонгодог парламентын заалт руу орох нь зүйтэй.
 
-Зарим хүн Ерөнхий­лөгчийн засаг­лалтай болох нь зүйтэй гэдэг?
 
-Өнгөрсөн 25-26 жилийн бодит байдлаас дүгнэлт хийж үзвэл манай улсад Ерөнхийлөгчийн засаглал тийм ч зохимжтой биш. Яагаад гэвэл, манай орон хоёр том гүрний дунд оршдог. Энд харин юу дутагдаж байна гэвэл, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн хоёр эрх мэдэлтэн байхаар  Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлоод явдаг, Ерөнхийлөгчийг бүх ард түмэн биш парламент нь томилдог тогтолцоо руу оруулбал зүгээр юм уу гэж боддог.
 
Сүүлийн үед ажилласан зарим Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанаас үзвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол сайн гэхээс илүү Монгол орны хувь заяанд  сөрөг үр дагавар ч гарч болзошгүй тохиолдлууд нэлээд ажиглагдаж байна. Тиймээс ийм байдал гаргахгүйн тулд хүчтэй парламент, хүчтэй Засгийн газар байх учиртай.
 
-Төр, засгийн төвшинд ажиглагдаж байгаа бас нэг зүйл бол Монгол төрийн залгамж чанар ихээхэн алдагдсан. Энэ талаар таны бодлыг сонсъё?
 
-Манай улсад Ерөнхийлөгч ч, УИХ, Засгийн газар ч сонгуулиас сонгуулийн хооронд дөрөв дөрвөн жилээр өөрчлөгдөж явдаг. Энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Энэ талаар боловсруулсан төсөл, загвар надад байгаа. Дөрвөн жилээр биш, өөрөөр хэлбэл төрийн хар хайрцагны бодлого, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан тийм тогтолцооны хэлбэрийг Монголын төр бий болгох ёстой. Монгол төрийн уламжлалт шинж чанарыг өөртөө агуулсан орчин үеийн парламентын засаглалын сонгодог хэлбэрийг хадгалсан төрийн цоо шинэ бүтэцэд орвол монголчуудад хэрэгтэй. Сүүлийн 20 гаруй жилд Үндсэн хуулийн  дөрөвдүгээр бүлэг, Засаг захиргаа, түүний удирдлагын  тухайд эргэж хармаар, өөрчилмөөр зүйлүүд нэлээд байдаг. АН засгийн эрх барьсан дөрвөн жилд орон нутагт эрх мэдлийг шилжүүлнэ гэх нэрийн дор эрх мэдэл, тэр дотроо санхүүгийн эрхийг өгсөн.
 
Гаднаас нь харахад сайхан юм шиг атлаа дотроо улсын нэгдсэн төсвийн бодлого, эдийн засгийн бодлогыг хангаж чадахгүй байна. Монгол Улс нэгдмэл улс гэж Үндсэн хуульдаа заачихсан шүү дээ. Гэтэл сүүлдээ хаана баялаг их байна, тэр аймаг сум хөгжөөд, хаана баялаггүй байна тэр газрууд хоцрогдож, хувь хүмүүсийн амьдралд ялгаа гарсантай адил баялагтай, баялаггүй аймаг, сумдын хооронд эдийн засгийн ялгаа гарч, тэр нь Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр, бүс нутгийн хооронд асуудал үүсч болзошгүй байна. Тиймээс Үндсэн хуулийн суурь зарчмуудыг баримталж, Монгол Улс нэгдмэл улс гэдгийг баримталж хөгжих ёстой. Ялангуяа эдийн засгийн гол салбарууд төрийн мэдэлд байх ёстой.  
 
Жишээлбэл, төмөр зам, авто зам, агаарын тээвэр, эрчим хүч, банк. Ер нь бол Монголд хүчтэй төр хэрэгтэй. Хүчтэй гэдэг нь дарангуйлал гэсэн үг биш. Эдийн засгийн өөрийн эрх мэдэлтэй, нийгмийн дундаж давхарга, ядуу зүдүү хэсгийг дээш татах чадалтай төр хэрэгтэй. Гадаад, дотоод улс төрийн бодлого явуулах боломжтой эдийн засгийг бүрдүүлэх ёстой. Түүнээс биш өнөөдрийн Засгийн газрын төсвийг бүрдүүлэхийн тулд хамаг юмаа хувьчилдаг, задалдаг байж таарахгүй. Энэ дотроос миний хамгийн ихээр санаа зовж явдаг зүйл бол газар хувьчлах тухай юм.
 
-Тухайлбал? 
 
-Монголд газар хувьчлах нь буруу. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд газрыг хувьчилж болно гэж заасан боловч өнөөдөр хувьчилж авсан газрын хэд нь гадаадын хүний хөрөнгийн эх үүсвэр болоод явж байна вэ, үүнийг бодох ёстой. Өнөөдөр монгол  хүний нэртэй гадныхан өмчилсөн газар захаас аван байна. Дээр нь манай төрийн бодлогын томоохон алдаанууд газартай холбоотой явагдаж байна. Монгол Улс дэлхийн 200 гаруй улс орны дотор юугаараа ялгарч үлдэх вэ гэдгийг байнга бодох учиртай. Хүн төрөлхтний баялаг улс орон бүрт өөр байж тэр баялаг болдог.
 
Сүүлийн үед эсгий наамал, хөөмий, бөх, наадам гэхчлэн ярьж байна. Энэ ялгарах онцлог мөн үү гэвэл мөн. Бид нүүдлийн соёл иргэншлээ суурьшмал соёл иргэншилтэй зөв хослуулж, түүгээрээ ялгарч байж дэлхийн улс орноос өөр харагдана. Тухайлбал, манай хөрш зэргэлдээ Өвөрмонголын ард түмэнд тохиолдож буй ирээдүй муутай зарим бодлогыг бид татмаар байна. Тэдний зарим хэсэг нь тусгаар улс байхын онцлогийг Ар Халхын монголчуудаас илүү ухаарчихжээ. Тэд тусгаар тогтнолын ач холбогдлыг биднээс илүү мэдэрсэн, мах цусаараа, үе удмаараа. Зарим хэсэг нь амьдралын нөхцөл шаардлагаар том гүрэндээ уусчихсан байдаг. Үүнийг бид сайн бодож, судлах, сурах ёстой юм. АН засаг барьсан жилүүдэд цахим хэлбэрээр хувьчилсан.
 
Өнөөдөр Улаанбаатараас хаашаа л бол хаашаа дөрвөн зүг найман зовхист 50-60 км-т машины дугуйгаар тэмдэглээд газар авчихсан, тэр нь хувьчлагдчихсан. Хотын удирдагчид Улаанбаатарыг утаатай, бохир байлгах үйлдэл хийгээд байна. Дэд бүтэц хөгжөөгүй газар гэр, хувийн байшин л барина. Утаа нэмэгдэнэ. Газар талхлагдана, шороо бүрхэнэ. Хотыг тэгж тэлэх бус арай өөр бодлогоор задлах ёстой. Цаашилбал, хотод ирээч, 20 мянган орон сууц эзэнгүй байна гэж хөдөөний малчдыг дуудаж байгаа, малчдын тэтгэврийн насыг нааш татах нь хөдөөг эзгүйрүүлэх гэсэн үйлдэл гээд яриад байвал ноцтой асуудлууд олон бий.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин