sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Америкийн Умард Каролина муж улсад сонсголын бэрхшээлтэй жолоочийг “тушаалыг нь дагасангүй” гэж цагдаа буудан хөнөөсөн хэрэг гарсныг мөрдөн шалгаж байна.
 
Хууль сахиулах хүчний албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус  муж улсын гол хот Шарлоттод өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хурдтай явж байсан автомашиныг зогсоохоор цагдаа шүгэлдсэн боловч жолооч  үл тоомсорложээ. Эцэст нь, энэ автомашин явган хүний замыг давж зогсон, жолооч нь бууж ирсэн гэж тэд хэлэв.
 
Үүний улмаас цагдаагийн алба хаагч буудсанаар жолооч газар дээрээ амьсгал хураасан байна.
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, 29 настай жолооч залуу ямар ч зэвсэггүй байжээ.
Жолооч залуу хөгжлийн бэрхшээлтэй байсан учир цагдаагийн алба хаагчийн өгсөн зааварчилгааг ойлгоогүй байж магадгүй гэж мөрдөн шинжээчид үзэж байна.
 
Америкийн Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо мэдэгдэл хийхдээ “сонгсголын бэрхшээлтэй хүмүүс хууль сахиулагчдын аман тушаалыг ерөнхийдөө ойлгох чадваргүй байдаг. Үүний улмаас тэд “сөргөлдөгч” болж хувирч, улмаар амь насаа алдахад хүрч байна” гэжээ.
Сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харилцах асуудлаар цагдаа нарын дунд сургалт явуулахыг тус холбоо уриаллаа.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг