sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн хойд нутгийн Амритсар хотын эмч нар нэгэн эрэгтэйд хагалгаа хийн ходоодноос нь 40 хутга гарган авчээ.
42 настай эрэгтэй гурван сарын хугацаанд эдгээр хутгыг залгисан гэнэ.
 
Хагалгаа хийсэн эмч нарын нэг болох Жатиндер Малхолтра “ВВС” телевизэд ярилцлага өгөхдөө “ходоод гэдэс нь маш их өвдөөд байна гэсэн зовиуртай залуутай би өнгөрсөн долоо хоногт таарсан” гээд “хутга залгидаг байсныгаа тэр эмч нарт хэлээгүй” гэв. Эмч цааш нь ярихдаа “бид оношилгоо шинжилгээ хийсний эцэст түүнийг хутга “иддэг” байсныг олж тогтоосон” гэлээ.
 
Одоо энэ залуу эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд хүнд үеэ давжээ.
Таван эмчээс бүрдсэн баг түүнд хагалгаа хийсэн бөгөөд хагалгаа таван цаг үргэлжилсэн байна.
Энэ залуу яагаад хутга залгидаг байсныг олж тогтоохыг эмч нар одоо оролдож байгаа ажээ.
Эмч ярихдаа “чухам яг ямар учраас хутга залгидаг байсныг бид мэдэхгүй байна. Магадгүй, сэтгэцийн нэгэн төрлийн эмгэг байж болох юм. Түүний ар гэрийнхэн нь ч хутга залгидаг зуршлыг нь мэддэгүй байсан” гэв.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг