sonin.mn
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үүрэгт ажлаа өгч буйтай холбогдуулан зарим зүйлийг тодруулав. 
 
-Таныг ажлаа өгөөд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдоно гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?
 
-Манай намын ҮЗХ-ны хурал маргааш 14:00 цагт болно. Намын дарга болон ЕНБД сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрийн хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн. Тиймээс маргааш хурал дээр энэ асуудлууд яригдана. Намын даргын тухайд арванхоёрдугаар сарын 26 хүртэл их хуралдаа бэлтгэнэ. Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр шинэ удирдлагатай болно гээд мэдэгдчихсэн байгаа.
 
-Ардчилсан намын шинэчлэлийг яаж хийх вэ?
 
-Олон нийтийн оролцоотойгоор, олон хүн нэр дэвшиж, олон хүний хэлэлцүүлэг хийж байж намаа шинэчлэх ёстой. Монгол хүний, Монгол Улсын, түүний дотор АН-ын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ёстой.
 
-Ерөнхийлөгч энэ шийдвэрийг тань дэмжиж байгаа юу?
 
-Ерөнхийлөгчтэй ярьсан.
 
-АН-ын даргад өрсөлдөх үү?
 
-Ер нь тийшээ л явж байна гэсэн үг шүү дээ. Марафоноор л шийдэгдэнэ. Ер нь бол энэ оны 12 дугаар сарын 26-нд болох Их хуралдаа бэлтгэж, АН-ын даргыг 06-нд шинээр томилно гээд тогтчихсон байгаа. 
 
-Таны шинэчлэлийн ажлыг бусад фракциуд дэмжих болов уу?
 
-Намын гишүүд фракцгүй байя гэж байгаа. АН бол өөрөө нэг том фракц. Жижигрэх тусмаа хуваагдахын хүрд болж, боловсон хүчин нь хуваагдаж байгаа. АН улс төрийн шинэ соёл, өрсөлдөөний шинэ соёлыг нэвтрүүлэх ёстой. Улс орны ирээдүйн хувь заяанд Ардчилсан нам шийдвэрлэх үүрэгтэй байх ёстой гэдгийг өнгөрсөн түүх харуулж байна.
 
-Та аль нэг фракцийг төлөөлөх үү?
 
-Аль нэг фракцийг төлөөлөхгүй. АН нэг цул фракц байх ёстой гэж үздэг.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг