sonin.mn
БЭЭЖИН. /Reuters/. Ирэх сард “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан Хятад улс агаараа цэвэршүүлэх арга хэмжээ авч эхэлээ. Есдүгээр сарын 4-5-нд тус улсын зүүн нутгийн Жөзян мужийн төв Ханжоу хотод “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт болох юм.
 
Мужийн захиргааны зааварчилгааны дагуу Ханжоу хот болон тус хот орчмын бүсийн зарим үйлдвэрийн үйл ажиллагааг өчигдрөөс түр зогсоожээ. Үйлдвэрүүд есдүгээр сарын 6-ныг хүртэл бараг хоёр долоо хоног орчим түр зогсолт хийх аж.
 
Ханжоу хотоос 100 гаруй км зайтай оршдог Шанхай хотын үйлдвэрүүд ч мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.
 
“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг “энэ оны хамгийн чухал дипломат арга хэмжээ” гэж БНХАУ-ын Засгийн газар үзэж байна.
 
Мөн Ханжоу хотод шалган нэвтрүүлэх цэгүүдийг шинээр бий болгох зэргээр аюулгүй байдлыг хэдийн чангатгаж эхэлжээ. Энэ ням гарагаас замын хөдөлгөөнийг хязгаарлахаар төлөвлөж байгаа гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг