sonin.mn
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх болсонтой холбогдуулан МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороог яаралтай хуралдуулахыг Ерөнхий сайдаас дахин шаардлаа.
 
МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт хандан иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга УИХ-ын сонгуульд олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрийн дагуу хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах албан тоотыг хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл тодорхой хариу ирээгүй байна. Засгийн газраас УИХ-д төсвийн тодотгол өргөн барьсантай холбогдуулан холбооны гишүүд, иргэдээс гомдол ихээр иржээ. Гомдлын дагуу МҮЭХ-ны удирдлагууд тодотголын төсөлтэй танилцсан бөгөөд үүнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлуудыг дордуулсан олон шийдвэр байна хэмээн үзжээ.
 
Тухайлбал, төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг 3 дахин бууруулах, бүтцийн өөрчлөлт нэрийн доор мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголох халах, Нийгмийн даатгалын тэтгэврийн санд төлөх шимтгэлийн хувь хэмжээг 5 нэгжээр үе шаттай нэмэх нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Мөн  тэтгэвэр гарах насыг үе шаттайгаар нэмэх, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 орчимд хувьд өгөх зэрэг санал тусчээ. Дээрх саналыг хүлээн авах боломжгүй гэдгийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг