sonin.mn
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу "Алдар" спорт хороонд Байлдааны туг хүлээлгэн өглөө.
Байлданы тугийг "Алдар" спорт хорооны дарга, гавъяат тамирчин, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр хүлээлгэн авав.
 
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ  "Алдар" спорт хорооны бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ " Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо нь өнгөрсөн түүхэн 70 жилийн хугацаанд эгнээнээсээ 2 Хөдөлмөрийн баатар, 3 Ардын багш, 59 Гавьяат тамирчин, дасгалжуулагч, 260 гаруй олон улсын хэмжээний мастер, 1530 спортын мастер төрүүлсэн бахдам амжилттай хамт олон юм. Мөн "Алдар" спорт хорооны тамирчдаас олон улсын тэмцээний нийт 568 медальтан тодорсон. Үүний дотор дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 60 гаруй медаль хүртсэн амжилтаар бусад спортын хороо, нийгэмлэгүүдийг манлайлж ирлээ. Тэрчлэн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын спортын дээд амжилтыг давхардсан тоогоор 414 удаа шинэчлэн тогтоосон нь манай тамирчдын амжилт, хичээл зүтгэлийг харуулсан тод томруун жишээ юм” хэмээв.
 
Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон бусад албаныхан оролцлоо.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг