sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Хорт хлорын хийг зэвсэг болгон ашигласан гэж Сирийн засгийн газрыг АНУ зэмлэн буруушаалаа.
 
Цагаан ордон мэдэгдэхдээ “2014-2015 онд Сирид химийн зэвсгүүд ашигласан гэсэн мэдээлэлтэй холбогдуулан АНУ болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн хамтарсан баг мөрдөн шалгалт явуулсан” гэв.
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын Засгийн газар хлорын хий, “Лалын улс” бүлэглэлийн босогчид гичийн хийг ашигласныг уг мөрдөн шалгалтын дүнд тогтоожээ.
 
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс өчигдөр мэдэгдэл хийсэн юм.
Тэрбээр хэлэхдээ “Асадын Засгийн газар ард түмнийхээ эсрэг хлорын хийг зэвсэг болгон удаа дараа ашигласныг няцаах гарц байхгүй” гэв.
Химийн бодисуудыг зэвсэг болгон ашиглаж байгаа нь Химийн зэвсгийн конвенц болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэрэг гэж тэрбээр нэмж хэллээ.
 
Зарины хий болон бусад химийн зэвсгийн нөөцөө устгуулахаар Сирийн Засгийн газар 2013 онд тохиролцоонд хүрч байсан юм.
Гэсэн хэдий ч Сирийн засгийн газрын хүчнийхэн хлорын хий болон бусад хийг удаа дараа ашиглаж, энгийн номхон олон иргэний амийг хөнөөсөн гэсэн мэдээлэл гарсаар байгаа билээ.
 
АНУ-ын энэ мэдэгдэлтэй холбогдуулан Асадын Засгийн газрын хүчнийхнийг дэмждэг ОХУ хэрхэн хариу мэдэгдэл хийх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг