sonin.mn
Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж бага  байгаагаас жилийн жилд цэцэрлэгийн асуудал хэл ам дагуулдаг. Тиймээс нийслэлийн  Засаг дарга  захирамж гарган, нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг  нээлттэй явуулж, олон нийтэд ил тод мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг  болгосон.

Үүний дагуу нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн 08 сарын 22-ноос эхлэн бүртгэл хийж, "Элсэлтийн тасалбар" тараасан. Өнөөдөр энэхүү тасалбараараа сугалаа сугалах журмаар сонгон шалгаруулалт явуулж байгаа юм. нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэг дээр очиж сонгон шалгаруулалтын ажилтай танилцлаа. Тэрээр “ Энэ жил цаг хугацааны хувьд илүү оновчтой шийдэл гаргах боломж байгаагүй учраас ийм шийдэлд хүрсэн. Ирэх жилээс бид бүртгэлийг цахим системд шилжуулнэ. Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хүртээмж муу байгаагаас бид ийм хүндрэлтэй тулж байгаа. Тиймээс сургуул, цэцэрлэг шинээр нэмж барих, өргөтгөх ажлыг бид тасралтгүй хийнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах ямар л нөөц боломж байна Бид түүнийг дайчлан, боломж, гарц хайн ажиллах болно” гэлээ. Цэцэрлэгүүд өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдүүдээ үргэлжлүүлэн суралцуулах бөгөөд энэ жил  2014 онд төрсөн  хоёр настай хүүхдийг шинээр элсүүлж байгаа юм.

Мөн энэ жилийн нэг онцлог нь нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.