sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтээ танилцуулсан юм. Дүгнэлтийг тус намын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулсан бөгөөд “Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн олныг цочирдуулсан мэдэгдэл эдийн засагт сөрөө үзүүлж, иргэдийг төөрөгдүүлсэн учир хариуцлага тооцохыг АН-ын бүлгээс шаардаж байгаа.
 
Энэ хууль бус үйлдлийг УИХ хаацайлж хамгаалах шаардлагагүй гэж үзэж байна. 2016 оны Төсвийн тодотгол болон Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь ард иргэд, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, оюутан залуус, хүүхдүүдийн эрх ашгийг үл хүндэтгэсэн, намын мөрийн хөтөлбөртэйгөө бүхэлд ээ зөрчилдсөн, эдийн засгийг бүхэлд нь сөхрүүлэхүйц төсөл боллоо гэж АН-ын бүлэг үзэж байна. Татварыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох насыг өсгөх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 пунктээр нэмэх, Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгох, эрүүл мэндийн салбарын ажилчдын урамшууллыг хойшлуулах зэрэг заалтууд орж ирж байна. Эрүүгийн болон Зөрчлийн зэрэг хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байгаа нь эрх зүйн шинэтгэлээсээ ухарч байна. МАН сонгогч олны итгэлийг авсан Мөрийн хөтөлбөрөөсөө, амлалтаасаа ухарч байгаад харамсч байна.
 
Эрх баригч нам одоогийн хариуцлагагүй үйлдлээ хаацайлах замаар өмнөх Засгийн газраа муучлах, сөрөг хүчнээ гүтгэх, ололт амжилтыг харлуулах зэргээр элдэв популизм хийхээ больж хуулийн хүрээнд туйлийн хариуцлагатай ажиллахыг АН-ын бүлэг шаардаж байна” гэлээ. 
 
Хэлэлцүүлгийн үед ч АН-ын бүлгийн гишүүд МАН-ын Мөрийн хөтөлбөр Засгийн газрын хөтөлбөрөөс зөрж байгаа талаар багагүй шүүмжлэв. Тухайлбал ялсан намын Мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй, тэтгэврийн зээлийн хүүг 10 хувьд хүргэж бууруулах, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах, хүүхдээ асарч буй ээжүүдэд цалин олгох, оюутнуудын зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэт асуудал тусгасан боловч Засгийн газрын хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр, бодлогод бүгд эсэргээрээ тусч байна гэсэн юм. Үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Мөрийн хөтөлбөрт туссан зүйлсийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ. Гэхдээ улс орны санхүү, эдийн засгийн нөхцөл байдал одоогоор хүнд байна. Тиймээс эхлээд эдийн засгаа сэргээгээд, суурь боломжоо бий болгосны дараа үе шаттай хэрэгжүүлэх нь зөв гэж Засгийн газар үзэж байгаа юм.
 
Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь үргэлжлүүлэн олгоод 40 хувьд нь 2019 оноос бүрэн олгохоор төлөвлөсөн. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газрын түвшинд хэлэлцээд Ажлын хэсэг байгуулсан. Удахгүй журам, хуулийн төсөл боловсруулан өргөн барина. Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудал бол Засгийн газрын үйл ажиллагаанаас шууд шалтгаалдаг. Эдийн засгаа сэргээж чадвал дагаад зээлийн хүү буурна. Оюутны зээлийн сан байгуулахыг Төсвийн тодотголд тусгасан. Бүх оюутнаа хамруулж чадахгүй ч 60-70 хувьд нь сургалтын төлбөрийн зээл өгөхөд зориулж 100 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа” гэж хариулсан юм.
 
 
 
 
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт хэдэн төгрөг шаардлагатай болон санхүүжилтыг хэрхэн бүрдүүлэх талаар асуухад Ерөнхий сайд “МАН-ын 381 заалт бүхий мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 26.9 их наяд төгрөг шаардлагатай гэж тооцсон. Үүнээс 7.6 их наяд төгрөгийг Улсын төсвөөс, 13.4 их наядыг гадаадын хөрөнгө оруулалт, концесс, 5.9 их наядыг хувийн хөрөнгө оруулалтаас бүрдүүлж санхүүжүүлнэ” гэсэн юм. 
 
Мөн төрийн албан хаагчдыг цомхотгох асуудал нийгэмд бухимдал үүсгээд байгаа учир энэ талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Төрийн албан хаагчийн тоо 2016 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 179300 байна. Энэ нь 2012 оноос 40000 нэмэгдсэн. Гэхдээ 2016 Төсвийн тодотголд хэт тулсан байсан учир төрийн албан хаагчдын тооны талаар санал оруулаагүй. Харин 2017 оны төсөвт салбар бүрээр тооцож, 20000 орчим албан хаагчийг цомхотгож оруулах тооцоо байна. Гэхдээ төрийн албан хаагчдыг цомхотгосон ч ажилгүй болгохоос сэргийлж, үөрүүлээд ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулж байгаа” гэж хариулсан юм. 
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өр зээлийг хэрхэн барагдуулах бодлого барьж буйг асуухад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өр төлөхөд манай улсад ихээхэн дарамт ирж байгаа нь ойлгомжтой. Хэрхэн дарамтыг нь бууруулах талаар Олон улсын банк санхүүгийн байгууллага, улс орнуудтай ярьж байна. Гэхдээ энэ өрийг төлөх үүргийг ард түмний нуруунд үүрүүлэхгүй.
 
Засгийн газрын барьж байгаа бодлого бол дотоодын валютын нөөцөд халдахгүй, хямд эх үүсвэрээр өрийг солих бодлого барьж байна. Хямд эх үүсвэрээр өрийн эх үүсвэрийг олохын тулд гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан байх ёстой. Тэр ч утгаараа хөрөнгө оруулагч нартай уулзаж төсөл хөтөлбөр ярьж байна. Дээр нь яамдуудад хоёроос гурван төсөл барьж ажил гэдэг үүрэг даалгавар өгсөн. Өмнө нь 10-20 төсөл барьчихаад сууж байдаг байсан. Үүнийг болиулсан” гэж хариуллаа.
 
Мөн Ерөнхий сайд энэ үеэр Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг батлуулсаны дараа “Эдийн засгийн эрчимжүүлэх онцгой хөтөлбөр” оруулж ирэхээр төлөвлөж байгааг хэллээ. Энэ хөтөлбөрт томоохон төслүүдийг хэрхэн хөдөлгөх талаар тусгаж байгаа аж. Энэ мэтчилэн хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд чуулганы үдээс өмнөх хуралдаан асуудлаа хэлэлцэж дуусгалгүй завсарлаж, 15.00 цагаас үргэлжилж хуралдахаар боллоо.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг