sonin.mn
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2016.08.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхэллээ.
 
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа Монгол Ардын Намын Улсын Их Хурлын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон Улсын Их Хурлаас батлан гаргасан хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, аймаг, орон нутгийн Засаг дарга нар, төрийн зарим байгууллага болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, сан, эвслүүдээс ирүүлсэн саналыг мөн тусгасан хэмээн Ерөнхийи сайд танилцуулгын эхэнд онцолсон.
 
 
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 зорилттой юм байна. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн бодлогын асуудлыг авч үзэхдээ хүндрэлийг даван туулах болон тогтвортой өсөлтийг хангах гэсэн хоёр үе шат бүхий зорилтот арга хэмжээнүүдийг тусгаж, нэгдүгээр үе шатны хүрээнд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хамааралт байдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн дархлааг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Хоёрдугаар үе шатны хүрээнд тогтворжиж буй макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, цаашдын тогтвортой өсөлтийн суурийг хангаж, эдийн засгийг эрчимжүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, тавьсан зорилтоо бүрэн хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авахаар тусгасан байна. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаан болон 8 дугаар сарын 23-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаар тус тус хэлэлцсэн бөгөөд Засгийн газрын гишүүдийн гаргасан санал болон мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, олон нийтийн зүгээс ирүүлсэн саналыг тусгасны үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна гэлээ.
 
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөгжлийн бодлогын гол зорилт нь эдийн засгийн төрөлжилтийг бүрдүүлэхээс гадна өсөлтийг бий болгож байгаа хүчин зүйлсээ төрөлжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан, улмаар шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн суурийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ үүднээс бид үйл ажиллагааны хөтөлбөртөө эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилтыг дэвшүүлээд зогсоогүй, улс орны цаашдын хөгжлийн зөв бодлого, чиглэлийг хэрхэн бүрдүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулса гэв. Хэдийгээр бид харьцангуй богино хугацаанд буюу ирэх 3-4 жилийн дотор мэдлэг, инновацид тулгуурласан хөгжлийг бий болгож амжихгүй, ийм боломж байхгүй ч гэсэн цаашдын урт хугацааны хөгжлийн үндсийг шат дараалалтай бүрдүүлэх зорилгоор шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжил, үүнийг бусад бүхий л салбарын хөгжилд үр бүтээлтэй ашиглаж болох тогтолцоог бүрдүүлэхийг зорих болно хэмээн Ерөнхий сайд хэллээ.
 
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа нь төрийн бодлогын залгамж чанарыг дээдлэн ажиллах ёстой. Иймээс өмнөх жилүүдэд Улсын Их Хурлаас тодорхойлон гаргасан дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, салбарынхөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, мастер төлөвлөгөө зэрэг баримт бичгээр нэгэнт тодорхойлогдож, хэрэгжиж ирсэн улс орны болон салбарын хөгжлийн бодлого, зорилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна.
 
Энэ оны эхээр Улсын Их Хурлаас батлан гаргасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичигт Монгол Улс урт хугацаанд хүний хөгжлийг дээдэлсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон тулгуурт төрөлжсөн эдийн засаг бүхий өндөр хөгжилтэй улс орон болох хэтийн зорилгыг тодорхойлон гаргасан. Иймээс цаашид шинээр батлагдан гарах улс орны дунд хугацааны хөгжлийн үндсэн баримт бичгүүд, салбаруудын мастер төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өрийн удирдлагын стратеги зэрэг бодлогын баримт бичгүүд нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үзэл санаа, хэтийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх учиртай гэж бид үзэж үйл ажиллагааны хөтөлбөрөө энэхүү баримт бичигтэй нягт уялдуулан боловсруулсан болохыг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдсан.
 
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгагдсан зорилтын дагуу хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимсэн аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг нь бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх болно. Эдийн засгийг төрөлжүүлэх өөр нэг боломж болох аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хамт, хөдөө аж ахуйн түүхий эдийг илүү үнэ цэнд хүргэж, экспортод гаргах боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх 21:100 хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улс орны хөгжлийн нэг гол тулгуур болох Хүний хөгжлийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан байна.
 
Дэлхий нийтийн өмнө тулгамдсаар байгаа байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй аж ахуйг эрхлэх, байгалийн нөөц баялагийгхамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлсэн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна хэмээн Ерөнхий сайд хэллээ.
 
 
Түүний дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулсан юм. Тэрбээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөртэй зөрчилдөж байгааг анхааруулсан.
Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн хэмээн тус байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм.
 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм. 
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Гантулга, Ц.Гарамжав, Н.Энхболд, Я.Санжмятав, З.Нарантуяа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.