sonin.mn
 
“Тэтгэврийн Ууган сан” /ТУС сан/ нь ажил олгогч, ажилтнуудын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Тус сан нь Монгол Улсын тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийж, хувийн тэтгэврийн системийг бий болгосноор ажилтнууд тэтгэврийн насанд хүрэх үедээ нэмэлт тэтгэврийн хангалттай орлоготой байх нөхцөлийг бий болгох үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.  
 
Өнөөдрийн байдлаар Тэтгэврийн ууган сан нь 1300 гаруй гишүүд, 10 гаруй гишүүн байгууллагатай хамтран ажиллаж, тэдгээрийн ажилтнуудад тэтгэврийн нэмэлт хуримтлалыг бий болгох үйл ажиллагаагаа амжилттай  хэрэгжүүлж байна. 
 
Өнгөрсөн 6 жилийн хугацаанд бидний хийж бүтээсэн ажил, гишүүд та бүхний маань дэмжлэг үр өгөөжөө өгч Голомт банкны ахмад ажилтан Т.Доржсүрэн тэтгэвэртээ гарч ТУС сангаас тэтгэврийн хуримтлалаа авлаа. Ингээд түүний бидэнд ирүүлсэн сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.
Ажилтнуудаа урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний ирээдүйн сайн сайхны төлөө зоригтой анхдагч алхамыг хийж, хуримтлалтай болох таатай нөхцөл бүрдүүлсэн байгууллага бол Голомт банк юм. 
 
Миний бие 2008 оноос хойш зөв сайхан энергитэй, эрч хүчтэй залуус ажилладаг Голомт банкны хамт олныхоо дунд хөдөлмөрлөж байгаад гавъяаныхаа амралтанд гарч байгаадаа таатай байна.
 
         Анх 2010 онд Голомт банкны удирдлага, ажилтнуудын санаачлагаар хувийн тэтгэврийн сан байгуулах үйл ажиллагаа идэвхитэй өрнөж, банкны мэргэшсэн туршлагатай ажилтнуудаас бүрдсэн баг гадаадын хувийн тэтгэврийн сангуудыг судлан, холбогдох  баримт бичгүүдийг боловсруулах ажлыг эхлүүлж байсныг тодхон санаж байна. 
Улмаар сан байгуулах талаар банкны болон группийн компаниудын удирдлагууд санал нэгдэж, бэлтгэл, зохион байгуулалт хангагдсанаар 2010 оны 07 сарын 02–ны өдөр  үүсгэн байгуулах анхны хурлаа хийж монголдоо анхдагч хувийн тэтгэврийн сангийн нэг болох “Тэтгэврийн Ууган Сан”  байгуулагдаж байсан билээ. 
        Тэтгэврийн Ууган Сан буюу товчилвол ТУС гэсэн богинохон боловч хэн бүхэнд таатай сонсогдох сайхан нэртэй энэ сангийн анхны хурлын тэмдэглэлийг бичиж үлдээсэндээ миний бие сэтгэл хангалуун байдаг юм. 
        ТУС сан байгуулагдсанаас хойш эдүгээ бараг 6 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд ТУС сан өөрийнхөө билэгдэл болох үндэстэй мод шигээ ургаж, томорч үр жимсээ хэдийнээ өгөөд эхэлжээ. 
 
 Үр жимснээс нь хүртсэн ажилтнуудын нэг нь би юм. Хүний амьдралд мөнгө зохих хэмжээгээр хэрэгтэй. Тэр тусмаа өнөө цагт. Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм байна. 
 
Миний асуултад ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авснаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн надад үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан. 
 
        Энэ сангийн түүхэн замнал Монгол Улсад өөр олон ийм сан бий болох, хувийн тэтгэврийн сангууд ажиллах хууль эрх зүйн орчин бүрдэх том бэлтгэл, эхлэл болсон гэж би үздэг.  
 
        Санг санаачилсан Голомт банкны удирдлагууд, үүсгэн байгуулсан цагаас нь дэмжиж ажилласан банкны ажилтнууддаа, өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдаж, зохион байгуулсан сангийн Гүйцэтгэх захирал болон ажилтнуудад нь баярласан талархсанаа илэрхийлье. Та бүхний үйлс улам дэлгэрэх болтугай. 
                
  ТУС сангийн ууган гишүүн Т.Доржсүрэн