sonin.mn
  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор (Ph.D) Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
 
-Манайд төгрөгийн ханш маш тогтворгүй, байнга уналттай явсаар байна. Үүний шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ?
 
-Монголбанкнаас зарладаг төгрөгийн бодит болон нэрлэсэн ханшийн мэдээллээс харахад ханш сүүлийн нэг сарын хугацаанд огцом уналттай байна. Нэрлэсэн ханш буурах хандлагатай боловч бодит ханш маш хэлбэлзэлтэй буюу тодорхой үед тогтворжих хандлага ажиглагдавч ихэнхдээ уналттай байгаа юм. 2009 онд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 21 хувийн уналттай байсан бол 2011 оны дөрөвдүгээр сараас хойш 46 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Энэ нь эдийн засгийн хямралтай шууд холбоотой. Сүүлийн ганцхан сарын хугацаанд төгрөгийн ханш бараг 10-аад хувиар унаад байна. Үүний эсрэг Монголбанкнаас хариу үйлдэл үзүүлсэн нь мөнгөний бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн явдал юм.
 
-Валютын ханшийн өсөлт, төгрөгийн уналттай гадаад худалдааны эргэлт салшгүй холбоотой. Сүүлийн үед энэ үзүүлэлт ямар янзтай байгаа юм бол?
 
-Манай улсын гадаад худалдааны эргэлт 2014 онд 3.6 хувиар өсч байсан ч өнгөрсөн онд 23 хувиар огцом буурснаас экспорт, импортын аль, аль нь унасан. Худалдааны эргэлт нь эдийн засгийн үзүүлэлтийн нэг чухал хэсэг учраас бодит байдлыг илтгэдэг. Энэ оны долоодугаар сарын байдлыг өмнөх оны мөн үетэй нь харьцуулахад 12.5 хувиар буурсан дүн харагдаж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт ч оны эхний улирлын байдлаар 2012 оны энэ үетэй харьцуулбал долоо дахин буурсан байгаа юм.
 
-Эдгээрийг дагаад валютын нөөц ч багассан байх. Одоо хэдий хэрийн нөөцтэй байна вэ?
 
-Хоёр жилийн өмнө Монголбанкнаас зохион байгуулсан нэгэн хэлэлцүүлэгт би илтгэл тавихдаа валютын ханшийн өөрчлөлт, төлбөрийн тэнцлийн хямралд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй, зах зээлийн жамаараа зохицуулагдана гэсэн санал хэлж байсан. Тэр үед л бүх дүр зураг манай эсрэг харагдаж байлаа.
 
Инфляц өндөр, валютын ханш ч урд өмнөхөөсөө өсөлттэй байсан тийм нөхцөл байдалд 4.0 тэрбум орчим ам.долларын нөөцтэй байсан ч энэ нь хангалтгүй гэж тооцоолж байлаа. Үүнээс хойш сөрөг арга хэмжээ авсны уршгаар валютын нөөцийнхөө 60 гаруй хувийг барчихсан л сууж байна. Үүний эсрэг өнөөгийн Засгийн газар, Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ эрс өсгөж, хатуу бодлого баримтлах нь.
 
Энэ бодлоготой би хувьдаа санал нийлэхгүй байна. Сүүлийн хэдэн жил бид зөвхөн валютын ханштай зууралдаж, түүний эсрэг арга хэмжээ авч ирсэн. Гэтэл манай эдийн засаг хөрш орнуудын өсөлтөөс тасарчихсан юм алга. Инфляц ч ойролцоо мөртлөө зээлийн хүү нь харьцангуй өндөр хэвээр байгаа юм. Иймэрхүү гадаад нөхцөл байдлаа харвал Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын хүүг өсгөх тактик цагаа олсонгүй гэж хэлэх байна.
 
Сүүлийн дөрвөн жилд манай улсын эрдэс баялаг, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт өссөн. Тухайлбал, 2016 оны эхний хагас жилийн байдлаар энэ тоо 28 хувиар өссөн байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж байгааг харуулж байна. Иймээс ганцхан валютын ханшийг онцгойлон анхаарах нь төдий л оновчтой биш гэдгийг хэлэх гэсэн юм. Товчхондоо, валютын ханшийг “номхотгох”- ын тулд мөнгөний бодлогын хүүг огцом чангаруулсан нь хувь хүний хувьд гайхаш төрүүлсэн арга хэмжээ, шийдвэр боллоо гэж хэлэх байна.
 
-Та бүхэн хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ)- ээр судалгаа хийсэн гэсэн. Түүний ач холбогдол нь юу байдаг юм бэ. Бодвол, иргэд ирээдүйгээ сайн сайхнаар л төсөөлдөг байлгүй?
 
-Энэ судалгааг бид 2009 оноос хойш хийж байгаа юм. Түүнээс хойш таны хэлсэнчлэн эдийн засаг өсөх, таатай болох талаар иргэдийн итгэл боломжийн нааштай байснаа 2013 оны аравдугаар сараас огцом унаж, бодит байдал руу ойртож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 100 гэсэн хэвийн төвшнөөс ямагт доошилж ирсэн байдаг.
 
Энэ үеэс эдийн засаг дээд цэгийн халалтаа өнгөрөөж хөрөх тал руугаа хэлбийж эхэлсэн. Үүнийг дагаад валютын ханш улам өснө гэсэн хүлээлт олонход байсан нь энэ индикатор зөв зааж байгаагийн баталгаа болж байна. Тодруулбал, ХИИ-ээр валютын ханш 2200- гаас давна гэж энэ оны I улиралд л тооцоолж байсан. Үүнийг маань төр, засгийн бодлого, түүний тооцоолол хэрэгжилтэд хэрэг болох болов уу гэж бид их хичээж ажилладаг юм. Инфляцын хувьд өмнө нь 9-10 хувь гэж яригддаг байсан бол сүүлийн үед 3-аас дээшгүй хувьтай хүлээлт зонхилдог болсон.
 
Хувийн хэрэглээний зардал ДНБ-ий 60-аад хувийг эзэлдэг, үүний цаана өрхийн орлого, зарлага явж байдаг учраас ХИИ-ийг чухалчилж үзэхээс аргагүй. Тиймээс дэлхийн олон оронд энэ л индикаторыг чухалд тооцдог юм билээ. Эдгээр тоо баримтаас үндэслэн дараах дүгнэлтийг хэлж болохоор байна. Үүнд, 2013 оноос хойш валютын улсын нөөцийн тавны гурвыг зарцуулсан ч мөн хугацаанд төгрөгийн ханш 30 гаруй хувиар буурсан үр дүн харагдлаа. Урсгал тэнцэл сайжирч байгаа ч худалдааны эргэлт эрс буурсан дүнтэй байгаа. Ханшид үзүүлэх гадаад талын дарамт ч суларсан байна.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин