sonin.mn
Нум үйлдвэрлэх ажилд гэр бүлээрээ зүтгэж, монгол уламжлалаа хөгжүүлж яваа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нум урлаач С.Болдбаатарын гэр бүлийг “Амьдралын тойрог” онцоллоо. Түүний аав Ж.Сүхбаатар гуай улсын мэргэн цолтон. Удам дамжсан харваачийн найм дахь үе нь хүү С.Болдбаатарынх нь юм. Биднийг очиход гэрийн эзэн яаруу ажлаар явсан байв. Гэрийн эзэгтэй М.Баярмаа нум сум урлах ажлын зовлон, жаргалын талаар хуучлав.
 
Залуус үед  Монголын өв соёлын нэгээхэн хэсгийг уламжлан үлдээж, түгээн дэлгэрүүлэхэд сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн  Улсын мэргэн Ж.Сүхбаатар гуай хүү, бэрийнхээ ачаар өөрийн хүслээ гүйцээж, шинэ зуунд олон хүнд монгол сурын харвааг таниулах, сурталчлахаар нум сум урлах ажлаа хүүдээ өвлүүлэн сэтгэл амарсан гэдгийг түүний ярианаас олж мэдэв. Бас тийм ч амар ажил биш учраас хэн дуртай нь “За бид хийчихэе” гэдэггүй аж.
 
 
 
ХҮННҮ ЗАГВАРЫН НУМ ҮЙЛДВЭРИЙН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН БРЭНД
 
 
 
Эмэгтэй хүнд ахадсан гэмээр  нум урлах энэ  ажилд М.Баярмаа хэрхэн татагдаж оров гэдэг асуулт түүнтэй уулзсан даруйд төрж байсан юм.  Энэ асуултад тэрээр “Манай хадмынх найман хүүхэдтэй. Бүгд харвадаг боловч манай хүн л нум  урлах ажлыг өвлөж үлдсэн. Манай нөхөр аавтайгаа илүү ойр байсан юм болов уу. Хадам аав улсын наадамд харваж олныг цэнгүүлдэг Улсын мэргэн, насаараа дарга явлаа. Бугантад хамгийн сүүлд намын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Ингээд  завтай болсон тул анхны хувийн аж ахуйг бий болгож “Эвэр нум” нөхөрлөлийг 1995 онд Дулаанхаан тосгонд байгуулсан. Аав нас дээр гарчихаад нум урлаад суух хэцүү шүү дээ. Тиймээс манай нөхрийг энэ ажлаа өвлөн авч үргэлжүүлээч гэсэн.
 
Ганц хүн хийх ажил биш учраас нэг л мэдэхэд гэр бүлээрээ урлаач болчихсон” хэмээн  ярьж  сууна.  Нөхөр С.Болдбаатар нь ОХУ-д техникийн чиглэлээр сургууль  төгссөн ч мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаагүй. Аавынхаа  хүслээр нум урлаж өдий хүрчээ. Ер нь  урлангаа  босгох, ажлаа жигдрүүлэхэд ганц гэрийн эзэн ч биш   гэр бүлээрээ бүхий л ажлаа орхин зүтгэжээ. Гэр бүлийн гишүүд бүгд л нэг, нэг үүрэгтэй. Оролцохгүй хүн гэж үгүй.  Эхний үед янз бүрийн шалтгаанаар нум нь  эвдэрч, тэр болгонд засах сайжруулах, ямар алдаа дутагдал гарав гэж  ахин дахин урлаж ажил ундардаг байж.  Харин 2005 оноос хойш  үйлдвэрлэсэн нум нь эвдрэлгүй амжилттай явж иржээ. 
 
ХАРВААЧДЫН ОЛОНХ НЬ ЭДНИЙХЭЭС НУМ, СУМАА АВДАГ
 
Харваачдын олонх нь тэднийхээр  үйлчлүүлдэг гэнэ.  Дээхнэ  үед дандаа хөгшчүүл нум урладаг, голдуу гар аргаар хийдэг байв. Үйлдвэр ч гэж байгаагүй.  С.Болдбаатарынх гэр бүлээрээ нум үйлдвэрлэдэг болсноор  өөрсдөө хийгээд зогсохгүй нутгийнхаа залуусыг   сургаж  ажиллуулдаг болжээ.  Энэ нь хөдөө нутагтаа ажлын байр бий болгоод зогсохгүй   нум урлах эрдмийг хойч үедээ өвлүүлж, уламжлуулан үлдээж байгаа  бодлого юм.
 
Одоо тэдний үйлдвэрт  дөрвөн хүн гэрээгээр ажилладаг. Айлуудаар  бодын шөрмөс нүдэж сунгах ажил захиалж хийлгэнэ. Энэ мэт туслах  ажлыг нь  хийлцдэг 12  айл байдаг аж. М.Баярмаа  уг нь эм зүйч мэргэжилтэй. Гэвч   нум үйлдвэрлэх ажлаасаа үүдэн  зурах,  сийлэх, ширээр чимэглэл хийх, сумны  гэр оёх  ажлыг дагнан хийж, хүүхдүүдээ сургаж иржээ. “Хөдөө  буйд газар энэ бүхэнд  хэнийг  гуйж  туслаач гэж  явах вэ. Өөрт тулсан үед хүн хийдэг юм билээ. Эхэндээ   тааруухан  хийж  байгаад  сүүлдээ туршлагажсан.  Хүүхдүүд маань нумын  хөвчийг  ороохоос эхлэн  том, багагүй зүгээр суулгүй хөдөлмөрлөсөөр гар нь ч амархан зүгширдэг” хэмээн тэрээр өгүүлсэн.
 
НУМ СУМЫН ҮЙЛДВЭРЭЭ ДАГУУЛЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛНЭ ГЭВ
 
Нум  дан гар ажиллагаанаас бүтдэг. Олон жижиг хэсгээс бүрддэг,  тэр болгонд  хулс мод, үхэр, янгирын эвэр, бод малын шөрмөс зэрэг  ховор түүхий эд орно. Гэхдээ эд анги бүрийг зэрэгцүүлэн хийж болдог юм байна.  
 
Өмнө нь нумыг гаднынхан сонирхдог байсан бол  одоо дотоод, гадаадгүй сонирхон харвадаг, хобби болгож байгаа хүмүүс ч цөөнгүй. Нэгэнт нөхцөл нь ингэж бүрдсэн болохоор ч тэр үү,  С.Болдбаатарынх ямар ч сурталчилгаа хийдэггүй гэнэ. “Гаднын жуулчид хаанаас ч  сонссон юм бэ,  нум үзье,  харья гэсээр ирдэг.  Үүнээс үүдэн  сүүлийн үед Сэлэнгэдээ аялал жуулчлал  хөгжүүлэхсэн гэж боддог болсон. Манайд европууд их ирдэг. Оросууд огт ирдэггүй байсан. Саяхан Оросын жуулчид  ирж урланг маань  сонирхоод явсан.  
 
Өвөрмонголчууд сүүлийн хоёр жилд нэлээн ирдэг боллоо” хэмээн ярьж буйгаас үзэхэд үйлдвэр нь нэлээд өргөжиж байгаа ажээ.  Дээр нь сүүлийн үед  аймгууд 1000 морин хуурч, 1000 шатарчин гэх мэтээр өөр өөрийн онцлогийг харуулсан  соёлын  үйл ажиллагаа явуулах болсон.  Орхон аймаг л гэхэд саяхнаас морин хуурын сургалт хичээллүүлж 40 жилийн ойгоороо 100 морин хуурчаар наадмынхаа нээлтийг хийлгэж байв.
 
Тэгвэл Сэлэнгэ   аймгийн хувьд анхны нумын үйлдвэртэй  гэдэг давуу тал юм.  Иймээс өнгөрсөн дөрвөн жилд Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат  тэдний нумын үйлдвэрийг ихээхэн анхаарч мөрийн хөтөлбөртөө “Нум, сум хөтөлбөр”-ийг багтааж хамтран ажиллажээ. Сэлэнгэ аймагт  харваач хүүхдүүдийг бэлдэхээр сургууль бүрийг гурван  ширхэг нумтай болгосон байна.  Сум бүрт нум сумын клубтэй болсон болохоор  хүүхдүүд ч  сонирхож  нум  асууж ирэх нь олширчээ. Нум, сумандаа жилийн баталгаа өгчихдөг. Шаардлагатай бол очиж сургалт явуулчихна гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг ёсондоо үйлдвэр, сургалтыг хослуулж байгаа аж. Хэтийн том зорилго нь аймгаа сурын харваатай  болгох,  мэргэн харваачдаараа  нутаг орноо алдаршуулахад чиглэжээ. 
 
ТӨРИЙН ОРДОНД ЗАЛСАН ХОЁР МЕТР НУМЫГ УРЛАСАН
 
 
Түүхээс үзвэл монголчууд  нум, сумын хүчээр л дэлхийг буулган авч байж. Манжийн үед хүчээр, бодлогоор нум, сумыг байхгүй болгож байсан  гашуун түүх ч бас  бий. Тэгвэл нэгэн цагт дэлхийг эзэлж явсан  Их Монгол Улсын  үр сад бид эрийн гурван наадмаа хөгжүүлэх ёстой. Айл бүрт бэлэгдэл гэдэг утгаараа нум байж яагаад болохгүй гэж.  Эхлэл нь морин хуур байна.
 
Энэ тухай дурсвал М.Баярмаа “Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед  айл бүр морин  хууртай байх зарлиг гаргуулах талаар  хадам аав маань ярьж, зөвлөж байсан.  Тэр нь ажил хэрэг болсон. Бас Төрийн ордонд залсан 2 метр орчим хэмжээтэй хамгийн том нумыг манайх урлаж өгсөн. Түүнээс гадна Батлан хамгаалах яамны Хар сүлдний нумыг нөхөр маань урласан. Нэг нум 4-5 сумтай. Дандаа булцуутайг хийнэ. Тэгэхгүй бол зэвсгийн чанартай болчихно. Нум нэг янз боловч харваа нь дотроо буриад, урианхай гэх мэтээр төрөлждөг” гэв. Сүүлийн хоёр жил урд хөршөөс  нум ихээхэн  оруулж ирдэг болчихсон. Энэ тухай ямар бодолтой байдгийг нь асуухад тэрээр  “Монгол наадамд эвэр нумаар харвах тусгай журамтай. Тиймээс урдаас оруулж ирж байгаа нум, сумыг сургалтын зориулалтаар оруулж ирдэг гэцгээх юм билээ” гэж байна.
 
СУР ХАРВАСНААР ХАРАА ТОГТОЖ, БИЕ БЯЛДАР ТЭГШ ХӨГЖДӨГ
 
С.Болдбаатар, М.Баярмаа нар урлаж буй  нумынхаа их биеийг хулс модоор хийдэг юм байна. Хулсны нөгөө талд үхрийн эвэр нааж хатууруулна.  Үүний өмнө   эврээ  хөрөөдөх, халаах, тэгшлэх гээд  хийх зүйл их,  чамгүй нарийн  ур шаарддаг  болохоор хайнга хандаж болохгүй  хариуцлагатай ажил юм. Түүхий эдийн хувьд эвэр нь  хэт элэгдсэн байж  болдоггүй. Эвэр наасны эсрэг талд   бод малын шөрмөс  нааж өгнө.
 
Энэ ажлыг дор хаяж хоёр хүн хийдэг аж. Сумандаа тас эсвэл бүргэдийн өд хатгаж өгнө.  Баруун аймгийнхан   нум хийх түүхий эдээс  нь  бэлдэлцдэг  бол   харваачид өөрсдөө  эврээ нийлүүлдэг гэнэ. Нум хэрэглэл авах гэж байгаа хүмүүс   хэрэгтэй түүхий эд барьж ирээд сонирхсон зүйлээрээ солих нь нээлттэй. Энэ мэтээр бүх түүхий эдээ дотоодоосоо бэлддэг бол  ганцхан хулс модыг л урд хөршөөс авдаг аж.  Дотоодоосоо хулс бэлдэхээр гичир, бариулын хэсгийг хийхээс цаашилдаггүй учраас ингэхээс аргагүй гэж ярьж байна.  Тэдний урласан нум сумыг харваачид  “уян,  дээр нь эрч, хүчтэй байдаг” хэмээн ярьж байсан. Үүний нууцыг хийдэг эздээс нь сонирхвол  “байгалийн гаралтай эдээр хүний гараар урладагт л байгаа болов уу” гэж байна.
 
“Удам дамжсан харваачийн үр удам байна, танай хүүхдүүд сайн харвана биз” гэхэд  М.Баярмаа “Манай хүүхдүүд  харвадаг ч тэмцээн, уралдаан гэж явдаггүй.  Бага хүүд  жаахан юм бий. Харин манай нөхрийн ах, дүүгийн харваач 30 гаруй хүүхэд бий. Ер нь заавал Улсын мэргэн болох гэж, элдэв нэр хүнд, цол авах гэж сур харвадаг юм биш. Хүүхдийн хараа тогтож, мэдрэмж хөгжинө.
 
Бие бялдар тэгш сайхан болно. Эр зоригтой, шийдэмгий, тэвчээртэй болно. Гар, хөлөө ч зөндөө авна, олон юм болж байж сурна шүү. Нум хэрэгслээ хийсээр байгаад манай хүүхдүүд сүүлийн үед харвах завгүй болсон шүү. Манай нум Хүннү загвартай болсон. Ажил ундарч байна” гэв.  Хүннү загвар гэхээр ямар байдаг юм бол гэхэд  “Манай түүхчид эртний олдвороос Чингис хааны үеийн нум олчихоод түүнийг бахдаж л дээ. Олон хүн  дуудаж, урлаачдыг уриад нум хийлгүүлсэн юм. Манай нөхрийн хийсэн нумыг илүү дөхүү болж гэж таашаасан.
 
Тиймээс манай Хүннү загварын нум үйлдвэрийн маань төдийгүй Монголын  брэнд болсон. Модон гичир /нумны үзүүр хэсгийг хэлнэ/дээр тэр чигээр нь ясан гичир хийгээд дээр нь сийлбэр хийнэ. Нумны урд хэсгийг элэг тал гэдэг. Залуучуудад хандаж хэлэхэд энэ уяатай хэсгийг хөвч гэдэг юм /инээв/. Ер нь нум сум гэхээс цааш нумыг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй юм билээ. Нум хийдгийг нь хоромсог, сумны гэрийг саадаг гэдэг хэмээн ярьж байна. 
 
Нум урлах ажлыг хэдийд амжуулж, борлуулалтаа яаж хийдгийг сонирхвол сэрүүний улиралд үйлдвэрлэлээ явуулж,  дулааны улиралд борлуулалтаа хийдэг юм байна. Санхүүгийн эх үүсвэрээ энэ үеэр  л зохицуулдаг бололтой. Өөрөө өөрсдийгөө санхүүжүүлэхээс  элдэв зээл, тусламж, төсөл авах боломж тэр бүр байдаггүй нь тэдний ярианаас  илт.  Гэхдээ энэ үгээр тэр төр, засаг дэмжвэл ийм боломж бий шүү гэдгийг битүүхэндээ хэлж байх шиг.
 
“Амьдралын тойрог”-ийн маань зочин, ажилсаг бүсгүй М.Баярмаа 1991 онд Анагаахын дунд сургууль төгсөөд сувилагч болж, 2000 онд АУИС-д Эмийн удирдлагаар суралцан эм зүйч мэргэжилтэй болсон. Хажуугаар нь Удирдлагын академийг дүүргэн мэргэжлээ бататгахаар “Энх дулаан” нэртэй аж ахуйн нэгж үүсгэн эмийн сан нээж үзсэн.  Эрдэм, ажлыг зэрэгцээ нумаа урлаж, Монголынхоо уламжлалт түүх, соёлыг түгээхийг эрхэмлэж  яваа нэгэн.  Бас болоогүй хажуугаар нь Дулаанхаан тосгоныхоо МАН-ын үүрийн даргын ажлыг гүйцэтгэж байгаа. “Ж.Эрдэнэбат /одоогийн Ерөнхий сайд/ дарга надад итгэж энэ ажлыг аваач гэсэн болохоор би намынхаа ажлыг өнгөрсөн жил  хүлээж авсан” хэмээн ярих тэрээр ямар ч ажлыг амжуулахын зэрэгцээ сэтгэл дутаалгүй  хийчих  зоримог бүсгүй ажээ. Түүний холыг харж, зорьж яваа үйлсэд нь амжилт хүсье.    
 
 
Д.Мягмар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин