sonin.mn
ТАШКЕНТ. /KAZINFORM/. Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов эмнэлэгт хэвтсэн тухай тус улсын Засгийн газар мэдэгдлээ.
Түүнийг хүнд өвчин туссан гэсэн яриа тархаад байгаа юм.
 
Узбекистаны Засгийн газар “Ерөнхийлөгч бүрэн хэмжээний үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа. Эмчилгээ хийлгэхэд тодорхой хугацаа орох төлөвтэй байна” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.
 
Өдгөө 78 настай Каримов хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан тус улсыг 1991 онд тусгаар тогтносноос хойш удирдаж байгаа юм.
Каримов өвчин туссан гэх мэдээлэл нэг бус удаа гарч байсан хэдий ч тус улсын Засгийн газрын зүгээс түүний эрүүл мэндтэй холбоотой асуудлаар ямар ч мэдэгдэл хийж байгаагүй билээ.
 
Баттай бус мэдээллээс үзвэл, ноён Каримов цус харвасан бололтой.
Тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 17-нд Өмнөд Солонгосын Дотоод хэргийн сайдтай уулзаж байгааг телевизээр гаргасан юм.
Тус улсын тусгаар тогтнолын өдөр есдүгээр сарын 1-нд болно. Энэ баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч Ислам Каримов тасралтгүй оролцсоор иржээ.
 
Г.Доржханд
Сурвалж: “Монцамэ” агентлаг