sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп мэдэгдэл хийж, өөрийн өвчний түүхийг дэлгэрэнгүй мэдээлэхэд бэлэн байгаагаа дурджээ.
 
Ингэхдээ тэрбээр өөрийн өрсөлдөгч болох Хиллари Клинтонд хандан ийм алхам хийхийг уриалсан байна.
 
Өөрийн эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллийг олон нийтээс нууж байна хэмээн өрсөлдөгчид нь Клинтоныг буруутгасаар байгаа ажээ.
Хоёр нэр дэвшигчийн өрсөлдөөн улам бүр хурцадсаар бие биенийхээ эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудлыг хөндөх болсон байна. Хоёр долоо хоногийн өмнө Трамп хэлэхдээ ““Лалын улс”-ыг даран устгах ажиллагааг явуулахад Клинтон сэтгэл зүй болоод бие бялдрын хатуужил тэвчээрийн хувьд хангалтгүй байна” гэжээ.
 
Үүний сацуу, Трампын хэвлэлийн төлөөлөгч Кэтрин Пирсон ярихдаа “Клинтон хэл яриа алдагдах /disphasia/ эмгэгтэй байж магадгүй” гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна. Түүний үзэж байгаагаар, Х.Клинтон үг хэлснийхээ дараа “гэнэт алга болдог”, тэрбээр гэртээ харьж, унтаж амардаг байж магадгүй гэнэ. Харин энэ таамгийг Клинтоны сонгуулийн штаб эрс няцаасан байна.
 
Дашрамд дурдахад, Трампын эмч Харольд Борнштейний хэлэхдээ “хэрвээ Трамп сонгогдох юм бол Америкийн түүхэн дэх хамгийн эрүүл саруул биетэй ерөнхийлөгч байх болно” гэсэн нь шуугиан тарьсан аж.  Тэрбумтан Трамп твиттер хуудсандаа бичихдээ “эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллээ нийтэд дэлгэх нь миний хувьд асуудал биш” гэжээ. 
 
Х.Сарнай

Сурвалж: “Монцамэ” агентлаг