sonin.mn
НАЙРОБИ./Kyodo/. Африк тивийн хөгжилд зориулан Японы ард түмэн болон Засгийн газар цаашид ч тусламж дэмжлэг үзүүлсээр байх болно гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ амлалаа.
 
Африкийн хөгжлийн асуудлаарх Токиогийн VI бага хурал өчигдөр өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн уг бага хуралд Япон болон Африкийн улсуудын удирдагчид оролцсон юм.
 
Уг хурлыг анх удаагаа Африк тивийн улсад /Кени/ зохион байгуулсан нь энэ ажээ.
 
Абэ уг уулзалтын үеэр мэдэгдэхдээ “ирэх гурван жилийн хугацаанд Японы Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн Африкт 3 их наяд иен буюу 30 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ” гэж амлажээ. Тухайлбал, дэд бүтэц, үүний дотор цахилгаан станц болон хотын тээврийн системийг барихад 10 орчим тэрбум доллар зарцуулах аж.
 
Мөн 10 орчим сая хүнийг хамарсан хүний нөөцийн хөгжлийг хөхиүлэн дэмжих хөтөлбөрийг  Япон улс Африкт хэрэгжүүлэхээр болжээ.
Түүнчлэн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлттэй холбогдуулан тус зөвлөлийн байнгын гишүүнээр сонгогдоход Японд дэмжлэг үзүүлэхийг Африкийн удирдагчдаас Абэ хүссэн байна.
 
Уулзалтын төгсгөлд удирдагчид тунхаглал гаргажээ.
Ашигт малтмалын экспортоос ихээхэн хамааралтай Африкийн улсуудын эдийн засгийг солонгоруулахыг Найробигийн тунхаглалд уриалжээ. Мөн уг тунхаглалд “терроризмыг нь устгахын тулд нийгмийг илүү тогтвортой болгох хэрэгтэй байна” гэжээ.
 
Уг уулзалтын дараа Абэ хэлэхдээ “Япон улс амалсандаа хүрсээр ирсэн. Юу амласан түүнийгээ хэрэгжүүлэх болно” гэсэн байна.
Японы гол арал руу хар салхи дөхөж байгаатай холбоотойгоор Абэ товлосон хугацаанаасаа өмнө буюу өчигдөр шөнө Найроби хотоос нутаг буцжээ.
Африкийн хөгжлийн талаарх анхны уулзалт 1993 онд болж байсан юм.
 
Гурван жил тутамд болдог уг бага хурлыг Япон улс, НҮБ-ын Африкийн асуудал хариуцсан тусгай зөвлөхийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Африкийн улсуудын Холбоо болон Дэлхийн банк хамтран зохион байгуулдаг.
 
Г.Доржханд

Сурвалж: “Монцамэ” агентлаг