sonin.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын  ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр  болж, өнгөрсөн 14 хоногийн аюулт үзэгдэл, гамшиг, гэмт хэргийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
 
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн нээлтийн цагийн хуваарьт зохицуулалт хийхийг Нийслэлийн Боловсролын газарт даалгалаа.  Мөн Засгийн газрын тогтоолоор барих-шилжүүлэх төрөлтэй  концессын гэрээгээр гүйцэтгэх төслүүдийг зогсоох, эдийн засаг хүнд байгаа учраас хэмнэлтийн горимд шилжихийг нийслэлийн удирдах ажилтнуудад үүрэг болгов.
 
Өнгөрсөн хугацаанд  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 68 удаагийн  дуудлага ирснээс объектын гал түймрийн 52  дуудлага,  техникийн холбогдолтой осол,  аврах ажиллагааны 16 удаагийн дуудлага ирсэн байна. Энэ нь энэ сарын 01-14-ны өдрийн гамшгийн нөхцөл байдлаас объектын гал түймрийн тоо 65,8 хувиар бурсан үзүүлэлт хэмээн Нийслэлийн  Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Уламбаяр танилцууллаа.
 
Мөн энэ сарын 15-28-нд Нийслэлийн хэмжээнд иргэд аж ахуйн нэгжээс цагдаагийн байгууллагад гэмт хэрэг , зөрчлийн шинжтэй 11 мянга 889 мэдээ, мэдээлэл ирүүлсэн гэдгийг   Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар  танилцуулсан. Энэ нь  өмнөх 14 хоногтой харьцуулахад 1126 нэгж буюу 8.7 хувиар буурсан үзүүлэлт аж.
 
Мөн зам тээврийн осолтой холбоотой 2 мянга 913 дуудлага мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 160 осол, зөрчлийн шинжтэй 1197 дуудлага байна. Зам тээврийн ослын улмаас 6 хүний амь нас хохирсон байна.
 
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл  76.4 хувьтай байгаа аж. Инженерийн хангамжийн шугам сүлжээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний  Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, нийслэлийн Авто замын газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ. Мөн халтиргаа гулгаа арилгах, цас мөс хайлуулах  465.2 тонн давс, бодис байгаа аж. Энэ нь өвлийг давахад хангалтгүй тул нэмж 1100 тонн давс, бодис авч нөөцлөх шаардлагатай  байгааг танилцуулав.
 
Ч.Ариунболд
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг