sonin.mn
АНКАРА. /VOA/. Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган цаазаар авах ялыг сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүнийг сэргээх нь Туркийн ард түмний олонхын хүсэл зорилгод нийцнэ гэж хэлжээ.
 
Тэрбээр Туркийн зүүн өмнөд нутгийн Газиантэп хотод ням гарагт болсон жагсаал цуглаанд оролцож, тэнд цугласан олон зуун хүмүүс болон Туркийн парламентын гишүүдэд хандаж үг хэлсэн байна. Эрдоган хэлэхдээ “би энэхүү үгээрээ дамжуулан та бүхний хүсэлтийг дахин нэг удаа дамжуулж байна” гээд "энэ асуудлыг дүгнэж цэгнээд шийдвэр гаргах хэрэгтэй. Би тэрхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болно” гэжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт курдуудын хуримын үеэр болсон халдлагад өртөн амь үрэгдсэн 54 хүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхээр Газиантэп хотод хүрэлцэн ирсэн Эрдоган өнгөрсөн сард түүний эсрэг хийсэн цэргийн эргэлт хийх оролдлогыг далимдуулан цаазаар авах ялыг сэргээхээр оролдсоор байгаа юм.
Долдугаар сарын 15-нд цэргийн эргэлт хийх оролдлого гарснаас хойш түүнд оролцсон гэж сэжиглэгдэж буй бүх хүмүүсийг цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бол цаазаар авах ялыг сэргээхийг Эрдоган байн байн уриалах болсон юм.
 
Уг цэвэрлэгээнд АНУ-д оршин суугаа санваартан Фетулла Гуллены удирдлагын дор төрийн эргэлт хийх гэсэн оролдлогод оролцсон гэх цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид болон эрдэмтэд өртөөд байгаа юм. Олон мянган хүн баривчлагдаж, ажлаасаа халагдахад хүрчээ. Тус улсад 2004 онд цаазаар авах ялыг цуцалснаас хойш анх удаа үүнийг сэргээн хуульчлахыг оролдож буй Эрдоганы үйлдлийг "Эмнести Интернэшнл" олон улсын байгууллага буруушааж байна.
 
Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын мэдэгдсэнээр, цаазын ялыг сэргээх гэсэн Эрдоганы оролдлогын цаана цэргийн эргэлт хийх оролдлого хийсэн хүмүүсийг уг ялаар шийтгэх гэж байна хэмээн үзэх үндэслэл байгаа аж.
Цэргийн эргэлт хийх оролдлогын үеэр 200 гаруй хүн амиа алджээ.   
 

Х.Сарнай
Сурвалж: “Монцамэ” агентлаг