sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Ерөнхийлөгч Б.Обамагийн улстөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Дэвид Плуфф хэлэхдээ “Дональд Трамп бол хэвтэн эмчлүүлэх ёстой сэтгэцийн өвчтэй хүн, тэр бол Цагаан ордны тэргүүнээр ажиллаж чадах хүн биш” гэж тодорхойлжээ.
Д.Плуфф одоо Ардчилсан намын сонгуулийн штабт зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
 
Тэрбээр өөрийгөө анагаах ухааны боловсрол эзэмшээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд “гэхдээ Трампыг хараад байхад өөрийгөө хэт өндрөөр үнэлдэг, худал ярьдаг нь ажиглагддаг. Тэрбээр өрөвдөн хайрлах сэтгэлгүй, гэм буруугаа хүлээх мэдрэмжгүй хүн юм. Энэ нь түүний сэтгэцэд өөрчлөлт гарсны шинж тэмдэг мөн” гэж ярьжээ. 
 
Анхан шатны сонгуулийн үе шат дууссаны дараа Трамп, Клинтон нарын өрсөлдөөн улам ширүүсч, бие биенийхээ эрүүл мэндийн байдлыг харилцан шүүмжлэх болсон юм.
 
Тухайлбал, хоёр долоо хоногийн өмнө Трамп хэлэхдээ ““Лалын улс”-ыг даран сөнөөх ажиллагааг явуулахад Клинтон сэтгэл зүй болоод бие бялдрын хатуужил тэвчээрийн хувьд хангалтгүй байна” гэжээ. Үүний сацуу, Трампын хэвлэлийн төлөөлөгч Кэтрин Пирсон ярихдаа “Клинтон хэл яриа алдагдах /disphasia/ эмгэгтэй байж магадгүй” гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна. Түүний үзэж байгаагаар, Х.Клинтон үг хэлснийхээ дараа “гэнэт алга болдог”, учир нь тэрбээр гэртээ харьж, унтаж амардаг байж магадгүй гэнэ.
 
Үүний сацуу, Трампын эмч Харольд Борнштейн хэлэхдээ “хэрвээ Трамп сонгогдох юм бол Америкийн түүхэн дэх хамгийн эрүүл саруул биетэй ерөнхийлөгч байх болно” гэсэн нь шуугиан тарьсан байна.  Тэрбумтан Трамп твиттер хуудсандаа бичихдээ “эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллээ нийтэд дэлгэх нь миний хувьд асуудал биш” гэжээ. 
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 8-нд болно.
 
Х.Сарнай
Сурвалж: “Монцамэ” агентлаг