sonin.mn
ОХУ болон Монгол Улс хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан энэ сарын 2-ны өдрийн 18.00 цагаас Улаанбаатар хотод болох ОХУ-ын "Звери" хамтлагийн тоглолтын талаар зохион байгуулагч нар нь өнөөдөр мэдээлэл хийв.  
 
Оросын шинжлэх ухаан, соёлын газар болон Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах уг тоглолтыг “Шамк” интертэйнмент болон “Аист Монголиа” телевиз хамтран зохион байгуулж байгаа юм. “Мазаалайн төлөө” уриатай тус тоглолтын тайз гэрэлтүүлэгт зохион байгуулагчид нь ихээхэн анхаарч байгаа бөгөөд Монголд урьд өмнө нь байгаагүй дуугаралттай хөгжим, шинэ техник, нүсэр гэрэлтүүлгийг энэ тоглолтын үеэр мэдрэх нь. Тайзны өвөрмөц шийдлийг Монголын талаас “Шоутек”, ОХУ-ын талаас “Звери” хамтлагийн тоглолтын техникийн алба хариуцаж байгаа юм. Мөн үзэгчдийн аюулгүй байдлыг найдвартай хангах үүднээс Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон Зэндмэнь харуул хамгаалалтын албатай хамтран ажиллаж байна.
 
Монголын шоу ертөнцийг шинэ түвшинд авчрах уг тоглолт нь үзэгчдэд амьд болон электроник хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх гэж байна. Монголын талаас Люмино, A-Sound, ReCon, Gee нарын хамтлаг дуучид, уран бүтээлчид оролцож уран бүтээлээ толилуулах бол "Звери" хамтлагийн тоглолтын дараа Anna, BTB, Агваан, Батболд зэрэг DJ нар электро, хаус зэрэг электроник хөгжмийн урсгалуудаар дагнан тоглох юм байна.
 
Н.Туяа
 
Сурвалж: “Монцамэ” агентлаг