sonin.mn
 “Халуун сэтгэл in Japan” төрийн бус байгууллагынхан өнгөрсөн баасан гаригт нярайн судас тодруулагч 40 аппаратыг улсын эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө. Энэ үеэр тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Б.Гантулгатай ярилцлаа.
 
-Нярайн судас тодруулагч аппаратыг улсын эмнэлгүүдэд хандивлаж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
 
-Манай төрийн бус байгууллага Японд төвтэй. Тэнд сурч, ажиллаж амьдарч байгаа залуучуудаас бүрдсэн. Бидний гол зорилго эх нутаг руу хандсан хандивын үйл ажиллагаа зохион явуулах юм. Энэ удаагийн төсөл эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэх байлаа. Нэн шаардлагатай гэх зүйлийг асууж тодруулаад нярайн судас олж тодруулах аппаратыг авчирсан байна. Энэ төслийг анх 2015 оны дөрөвдүгээр сард хэрэгжүүлэхээр шийдсэн. Цахим сүлжээгээр санал асуулга явуулахад хамгийн их саналтай нь нярайн судас тодруулагч аппарат байсан. Тухайн үед улаанбурхан өвчнөөр нэлээд хүүхэд өвдөж, тариа тарих гээд судсыг нь олж чадахгүй байна гэсэн асуудал их гарч байсан учраас бид энэ аппаратыг хандивлахаар болсон.
 
-Эдгээр аппаратаа хэрхэн хуваарилах вэ?
 
-Эхний ээлжид есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг 21 аймагт, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, амаржих газрууд, ГССҮТ, Хавдар, ХӨСҮТ-д өгнө. Өнөөдрийн үйл ажиллагааг нийслэлийн Эрүүл мэндийн газар, салбар яамтай хамтарч зохион байгууллаа.
 
-Хэчнээн төгрөгийн үнэ өртөгтэй аппаратууд вэ. Хандив гэхээр сурч байгаа залуусын хувьд мөнгө олно гэдэг хэцүү биш үү?
 
-Манай байгууллагаас гадна Японд оюутны холбоо гэж бий. Бид хандив босгоод төгрөгөөр ярих юм бол 40 ширхэг аппаратыг найман сая төгрөгөөр авсан. Нэг ширхэг нь 200 мянган төгрөгийн үнэтэй. Аппаратаа бид Японоос оруулж ирсэн. Давуу тал нь энэ аппаратыг насанд хүрсэн хүнд ч хэрэглэх боломжтой. Ийм аппарат манай эмнэлгүүдэд хангалттай байдаггүй гэсэн. Оюутнууд бид нар санхүүжилт байхгүй. Гэхдээ хичээлийнхээ хажуугаар юмуу ямар нэгэн үйл ажиллагаан дээр өөрсдийнхөө зав зайг гарган бууз, хуушуур хийж зараад мөнгө олж хандиваа цуглуулдаг.
 
-Аппаратыг хэрхэн ашиглах зааврыг орчуулсан байна. Эмч нар тус аппаратыг ашиглахдаа юунд анхаарах ёстой вэ?
 
-Манай төрийн бус байгууллагад эрүүл мэндийн салбарын хүн маш цөөхөн. Мэргэжлийн үг хэллэгийг орчуулахад их хүндрэлтэй байсан. Тиймээс эмчтэй хамтарч орчуулсан. Аппаратын кабелийг гэмтээж болохгүй. Судсыг тодруулагч лед гэрэлтэй маш болгоомжтой хандах хэрэгтэй. Аппарат нь жижигхэн хэрнээ хүчин чадал сайтай. Хуруу зайгаар ажилладаг учраас ойр ойрхон солих шаардлагатай. Нэг жилийн баталгаатай. Энэ хугацаанд ямар нэг эвдрэл, гэмтэл гарвал үйлдвэрлэсэн компанитай нь холбогдоод засварлуулах боломжтой.
 
-Энэ аппаратыг Японд хэр их хэрэглэдэг юм бол?
 
-Энэ аппаратыг авахын тулд бид маш их судалсан. Японд анагаахын чиглэлээр суралцдаг оюутнуудаас асуусан. Үүний үндсэнд хамгийн сүүлд гаргасан уг аппаратыг сонгож авлаа. Японы эмнэлгүүдэд маш их хэрэглэдэг юм байна лээ.
 
-Та бүхэн хэдэн жил хандивын ажил хийж байна вэ?
 
-Төрийн бус байгууллагаа 2012 онд долоон гишүүнтэй байгуулсан. Бид бүхний цуглуулсан хандив дангаараа эдгээр аппаратыг авахад хүрэхгүй байсан. Тиймээс Япон дахь Монгол оюутны холбоодоос хандив ирүүлсэн. Түүний хүчинд энэ аяныг амжилттай зохион байгууллаа. “МиГэн” төслийн хувьд анхных. “МиГэн” гэдэг нь бүгдээр эрүүл байцгаая гэсэн үг. Харин хандивын мөнгөө цуглуулсан жил бол хоёр юм уу даа.
 
Цаашид бид хандивын ажлаа үргэлжлүүлнэ. Одоогоор тогтмол байдлаар хэд хэдэн аяныг өрнүүлж байна. Жишээлбэл, хичээлийн шинэ жилийг угтсан хандивын аян зохион байгуулдаг. Амьдралын боломж тааруу, хичээлийн хэрэгсэл авах чадваргүй хүүхдүүдэд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дэвтэр, бал, цүнх зэргийг хандивладаг. Мөн “Дулаахан өвөлжье” аяныг зохион байгуулдаг. Японоос дулаан ноосон цамц, өмд, хөнжил зэргийг цуглуулж Монгол руу явуулдаг. “Маамуу нааш ир” аяны хүрээнд асрамжийн газар, цэцэрлэгүүдэд тоглоом цуглуулж өгдөг юм.
 
-Танайх хэдэн гишүүнтэй вэ?
 
-84 гишүүнтэй, 1487 дэмжигчтэйгээр төрийн бус байгууллага болтлоо өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийг хүртэл 40 жижиг, том сайн дурын тусламжийн аян өрнүүлж, таван мянга гаруй хүнд тусламжийн гараа сунгажээ. Санхүүжилт ямар нэг газраас авдаггүй. Цэвэр гишүүд дэмжигчдийн хандиваар маш олон аян өрнүүллээ. Хамтарч, тусалж дэмждэг хүмүүстээ баярлалаа.
 
-Хандивын аяныг өрнүүлэхэд ихэвчлэн ямар бэрхшээлтэй тулгардаг вэ?
 
-Бид бүхэнд хил гаалийн татвар маш хүнд тусдаг. Тухайлбал, “Дулаахан өвөлжье” аяны хүрээд Японоос 60 гаруй хайрцагтай зүйл Монгол руу явуулсан. Тэндээс каргогоор юм явуулахад маш үнэтэй байдаг. Хил дээр гэхэд нэг хайрцгаас 25-30 мянган төгрөг авдаг. Сайн дурын үйл ажиллагаа гэж хэчнээн тайлбарлаад ямар ч нэмэргүй. Тиймээс ар гэрээсээ мөнгө цуглуулж явуулдаг. Үгүй бол бидний аян зогсонги байдалд хүрнэ шүү дээ. Ирэх сарын 9-нд ГХЯ-нд гадаад улс дахь төрийн бус байгууллага, холбоодын нэгдсэн чуулга уулзалт болно. Тэр үеэр асуудлуудаа ярилцаж шийдвэрлүүлэх төлөвлөгөөтэй байна.
 
Ц.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин