sonin.mn
Улаанбаатар хотоос 100 км-ын зайтай Төв аймгийн Баян суманд шүлхий гарч өвчний голомтод 14 хот айлын 5000 гаруй толгой мал байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор малын онц халдварт өвчин хотод орж ирэхээс сэргийлэх болон өвчны голомтыг зогсоох үүднээс Нийслэлийн онцгой байдлын алба авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар өчигдөр хуралдаж яаралтай арга хэмжээ авч байна.
 
Нийслэлийн хэмжээнд Багануур дүүргийн Хэрлэн, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нийт 9 автотээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн 24 цагийн хяналтын постуудад мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй хяналтын цэг ажиллаж ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм байна. Мөн Төв аймгийн Засаг даргад болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад шүлхий өвчинтэй тэмцэх талаар нийслэлийн Засаг даргын албан тоот хүргүүлэн хамтран ажиллаж эхэлжээ.
 
 Өнөөдрийн байдлаар Төв аймгийн  Мал эмнэлгийн газраас Төв аймгийн Баян сумтай хил залгаа, Багахангай, Налайх, Багануур дүүргийн шүлхий өвчинд мэдрэмтгий малын тооцоог гаргаж улсын нөөцөөс шүлхийн вакцин хуваарилуулан 2016.08.25-ны өдрөөс Багахангай дүүрэгт вакцинжуулалт хийж эхэлсэн, ажлын явц 70 гаруй хувьтай байна. 
 
Мөн Баянзүрхийн товчоо нь суурьшлын бүсэд орсонтой холбогдуулан нэн даруй зүүн тийш  шилжүүлэх, Баянзүрх дүүргийн 11-р хороонд амьд мал худалдаалж буй цэгийг түр зогсоох шийдвэр гаргав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн баталгаат бус замуудад “Мэргэжлийн албад”-ын хөдөлгөөнт эргүүлийг нэмж гаргах, халдварт өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх захирамж гарган хөрөнгө зардлыг шуурхай шийдвэрлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
 
Түүнчлэн өвчний голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлээс дэмжлэг үзүүлж, нийслэлийн цэргийн штаб, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудтай хамтран ажиллахыг үүрэг болгосон байна.
 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг