sonin.mn
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж, хамгаалж буй Хөшөө цайдам музейд иж бүрэн тавилгатай ёслолын Монгол гэр, 40 тоннын чингэлэг бэлэглэсэн байна
 
ТИКА-ийн зүгээс Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах төслийг 1994 онд эхлүүлж, Хөшөө цайдам музейг байгуулсан. Мөн төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Архангай аймгийн Хашаат суманд орших Хөшөө цайдам музей хүртэлх 46 км Билгэ хааны автозамыг барьсан юм. Энэ сарын 05-нд ТИКА-аас “Хөшөө цайдам музейд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн хүрээнд эвдэрч муудсан Билгэ хааны автозамын болон музейн самбаруудыг ТИКА-гийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилжээ. Мөн дээд хэмжээний зочид төлөөлөгчид болон гадаадын жуулчдад Монгол ёс, заншлыг суталчилах зорилгоор иж бүрэн тавилгатай ёслолын гэр, түүнийг хадгалах 40 тоннын чингэлэгийг бэлэглэв.
 
Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр Түрэгийн үеийн соёлын өвийг дэлхий дахинд сурталчилах, хадгалж хамгаалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, тус музейн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаа юм. Монгол, Турк нь  соёлын нийтлэг үнэт зүйлстэй бөгөөд энэхүү түүхэн болон соёлын өвийг хадгалж хамгаалах, Монгол Улсын аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх болон Хөшөө цайдам музейд техник туслалцаа үзүүлэх ажлуудыг үргэлж дэмжиж ажиллана гэдгийг ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи гэр бэлэглэх ёслолын үеэр онцолжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг