sonin.mn
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас долоон дүүргийн 43 сургууль, хоёр цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэдэг нийт 103 автобусад техникийн шалгалт хийлээ. Шалгалтаар нийт 103 автобусын 63 нь 10-аас дээш жилийн насжилттай дахин хүүхэд зөөхөд ашиглах боломжгүй нь илэрсэн байна.
 
Үлдсэн 40 автобус нь насжилт нь дуусаагүй ч жолооч нь мэргэшээгүй, сургууль, цэцэрлэгийн логогоо стандартын дагуу наагаагүй болоод нөөц дугуй, эмийн сан, галын хор, ослын тэмдэггүй байжээ.  Иймээс мэргэжлийн байгууллагууд дахин хүүхдийн автобусад хяналт тавьж, нэг бүрчлэн шалгахаар боллоо.
 
Учир нь нийслэлийн Тээврийн газар, Боловсролын газар, Замын цагдаагийн газрааё хамтарсан дүгнэлт гаргаж, сургууль, цэцэрлэгүүд хүүхдийн автобусанд анхаарлаа хандуулж, яаралтай зөрчлөө арилгахыг санууллаа.Цаашид Замын цагдаагийн газар, нийслэлийн Тээврийн газраас насжилтаар хасагдсан тээврийн хэрэгсэлд сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл олгохгүй. Мөн сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт шалгалтад тэнцээгүй автобусны жолоочтой гэрээ байгуулахгүй байхыг ч анхаарууллаа. 
 
Хэрэв хүүхдийг нь техникийн бүрэн байдал нь алдагдсан, шаардлагатай тусламжийн багаж хэрэгслийг бүрдүүлээгүй болоод, насжилт нь дууссан автобусаар зөөвөрлөсөн байвал эцэг, эхчүүд хуулийн байгууллагад гомдол гаргаж, стандартад нийцсэн тээврийн хэрэгслийг ашиглахыг сургууль, цэцэрлэгийн захиргаагаас шаардахыг сурагчдын холбоо, цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Гэхдээ аав, ээж нар автобус осол гарах үед биш тогтмол сурагчдийг тээвэрлэж буй  үед нь хяналтаа сайн тавихыг ч анхааруулав.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг