sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Өндөр албан тушаал хашдаг байсан хоёр хүнийг Ким Жон Уны тушаалаар Умард Солонгост цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын “Чонан илбо” сонинд мэдээлсэн байна.
 
Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын Хөдөө аж ахуйн сайд асан Хван Мин болон Боловсролын яаманд өндөр албан тушаал хашиж байсан Ри Ён Жин нарт буудан алах ял оноосон байна. Пхеньян хотын Цэргийн академийн хашаанд уг цаазын ялыг гүйцэтгэжээ.
 
Хван Мин улстөрийн асуудлаар санал гаргасан нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны санаанд нийцээгүй учраас түүнийг цаазалсан байж магадгүй аж. Харин Ри Ён Жин-ы хувьд, тэрбээр Ким Жон Ун-ыг үг хэлж байх үеэр унтаж байсан учраас баривчлагдаж, төдий удалгүй авлигын хэрэгт холбогдсон тухай “Чонан илбо” сонинд бичжээ.
 
Эдгээр хоёр өндөр албан тушаалтныг цаазын ялаар шийтгэсэн нь Ким Жон Ун засгийн эрхэнд гарснаас хойш цэргийнхнийг бус харин намын удирдах албан тушаалтнуудыг цаазлах ялаар шийтгэсэн анхны тохиолдол юм. “Энэ явдал нь хэд хэдэн өндөр албан тушаалтан гадаад руу оргон зугтсаны дараа Умард Солонгост улстөрийн өргөн хэмжээний цэвэрлэгээ хийгдэж байгаатай холбоотой байж магадгүй” хэмээн “Чонан илбо” сонин таамаглаж байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг