sonin.mn
“Глоб Интернэшнл” төвийн санаачилгаар “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нь” сэдвээр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн нээлттэй ярилцлагыг зохион байгуулах гэж байна.
 
Ярилцлагыг нөгөөдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр болно. Энэ өдрийг сонгосон нь ч учиртай. УИХ-аас хүчирхийлэгч нарт хүлээлгэх хариуцлага, шийтгэлийг чангаруулах хуулийн шинэчлэлийг УИХ-аас ёсчлон батлахгүй байгаатай холбосон талтай. Уг хуулийг ёсчилсон бол есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх байсан юм.
Эл ярилцлагад  НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара,  Бээжин дэх Австрийн ЭСЯ-ны улс төрийн зөвлөх Барбара Гроссе нарын зочин уригдан оролцох юм. 
 
Жендерт суурилсан хүчирхийллээс хамгаалах асуудлаарх олон улсын эрх зүйн хөгжил ба эрх зүйн гол баримт бичиг болох- Истанбулын Конвенцийн талаарх танилцуулгыг Австрийн Вена дахь Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаарх төвийн захирал бөгөөд Эмэгтэйчүүдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны шинжээчдийн бүлгийн гишүүн Роза Логар хийнэ. Мөн үеэр гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх эрх зүйн цар хүрээ, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг сэдвийг хөндөн ярилцахаар төлөвлөжээ.
 
Ж.Батсайхан

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг