sonin.mn
 -ДАН ГАНЦ ШҮҮГЧИД БУС ТӨРИЙН, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ 80 ХУВЬ НЬ БАЙРНЫ ЗЭЭЛТЭЙ -
 
ШҮҮГЧИЙН ЦАЛИН 2.7-3.5 САЯ ТӨГРӨГ
 
Шүүхийн тухай багц хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15- наас хэрэгжүүлж эхэлсэн. Багц хуулийн хүрээнд шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах тодорхой механизмыг хуульчилж, улмаар шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоосон юм.
 
2013 оны байдлаар Дээд шатны буюу хяналтын шатны шүүгч дунджаар 1.9, Давж заалдах шатны шүүгч 1.5, анхан шатны шүүхийн шүүгч 1.3 сая төгрөгийн цалин авч байсан бол нэмэгдүүлснээр 2.7-3.5 сая төгрөгийн цалинтай болсон юм. Ийнхүү шүүгчдийн цалинг нэмснээр хуульчдын дунд өрсөлдөөн бий болж, хүний нөөцийг шинэ хуульчдаар сэлбэх, шүүгчдийн ажил мэргэжилдээ хандах хандлагыг өөрчилж, хараат бус болно гэж ШЕЗ-өөс тайлбарлаж байсан юм.
 
Үнэхээр цалинг нэмсэн нь шүүгчдийг авлига, хээл хахуулаас ангид байлгаж, хэн нэгний эрх ашгийн төлөө хууль бус шийдвэр гаргахаас сэргийлсэн арга хэмжээ байж болох ч өндөр цалин авлаа гээд бүгд шударга, үнэний дуу хоолой болж чадсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон нийтийн зүгээс “Шүүгчдийн цалинг нэмлээ гээд шударга ажиллаж чадах уу” гэх асуултыг тавьж, өнөө хэр хариултыг нь хайсан хэвээр байгаа юм.
 
2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ШҮҮХИЙН ТӨСӨВ, ШҮҮГЧИЙН ЦАЛИНГ 35 ХУВИАР БУУРУУЛАХААР ТУСГАЖЭЭ
 
Шүүгчийн цалинг бууруулах асуудлыг зөвхөн шинэ Засгийн газар бус өмнөх Засгийн газар ч хөндөж байсан. Тухайлбал, 2015 оны УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийн төсөлд шүүхийн төсөв, шүүгчийн цалинг 35 хувиар бууруулахаар тусгасан. Шүүгчид олны өмнө тэр бүр ил гардаггүй онцлог ажил мэргэжилтэй улс. Гэтэл цалингынхаа төлөө бол ил цагаан санаа тавьж тэмцэж байгаа. Хамгийн түрүүнд Монголын Хуульчдын холбооноос шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байхыг шаардсан мэдэгдэл гаргаж, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж эсэргүүцсэн. Тэрбээр “Эдийн засаг хямарсан гэдэг нэрийн дор шүүхийн эдийн засаг, төсөв хөрөнгө 2016 онд асар хэмжээгээр буурах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна.
 
Жишээлбэл, шүүхийн төсвийг бараг 13 тэрбумаар, анхан шатны шүүгчдийн цалинг 62 хувиар, давж заалдах шатны шүүгчдийн цалинг 63 хувиар, Улсын Дээд шүүхийн шүүгчдийн цалинг 56 хувиар бууруулах тогтоолын төслийг УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн. Ингэж мэдүүлэхдээ хуулийн нөгөө мундаг хамгаалалтуудыг хүчингүй болгох хуулийн төслийг зэрэгцүүлэн өргөн барьсан. Хамгийн аюултай нь шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулж байгаа явдал бол шүүхийн бие даасан байдалд аюул учруулах хэмжээнд байна” хэмээж байсан. Үүний дүнд шүүгчийн цалинг бууруулаагүй юм. Харин одоо уг асуудал дахин сөхөгдлөө.
 
Эдийн засгийн хүндхэн үед төрийн эрхийг хүлээж авсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар 2016 оны төсвийн тодотголд шүүгчдийн цалингийн асуудлыг хөндөж байгаа. Сангийн яамны тооцоолсноор цалинг тодорхой хэмжээнд хассанаар энэ онд 3.2 тэрбум, цаашид жилд 7.7 тэрбум төгрөгийг хэмнэх гэнэ. Ингэснээр элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэрээхэд жаахан ч гэсэн хөшүүрэг болно гэж үзэж байгаа юм. Иймд нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгасан аж. Харин дээрх тооцооллыг шүүгчид тэдний толгой байгууллага болох ШЕЗөөс хүчтэй эсэргүүцэж эхэллээ.
 
Тиймээс ШЕЗ, Шүүгчдийн болон Хуульчдын холбооноос өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэд “Төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг долоон хувиар нэмэгдүүлэхээр төсөвлөсөн атлаа шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн урсгал зардлыг найман хувиар бууруулах, нэгдсэн төсвийн зарлагад эзлэх шүүхийн төсвийн хувийн жинг 0.66-0.46 болгон багасгахаар тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлүүд хоорондоо тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж, шүүх эрх мэдлийн хараат бус бие даасан байдлыг бусад эрх мэдлийн байгууллагаас дордуулахад хүргэнэ. Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулах, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай.
 
Энэ оны эхний хагас жилд нийт шүүгчийн 98,5 хувь нь орон сууц, цалин, ахуйн хэрэглээний зээлтэй бөгөөд нэг шүүгч сард дунджаар 583 мянгаас 3.2 сая төгрөгийн зээл төлж байна” хэмээн мэдээллээ. Мэдээж хэрэг авч байгаа цалинг нь хасч, халаасанд нь гар хүрэхэд хэний ч бухимдал төрнө. Ялангуяа эдийн засгийн байдал тогтворгүй, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа одоо цагт бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү нь ойлгомжтой. Гэвч үнэхээр эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрсэн, хаа хаанаа бүсээ чангалах энэ үед цалингаа бууруулахыг эсэргүүцэж байгаа нь өрөөсгөл ойлголт юм.
 
Учир нь, ганцхан шүүгчдийн цалинг бус төрийн албан хаагчдын цалинг нийтээр нь хасахаар төсвийн тодотголд тусгасан гэдгийг мэдэж л баймаар. Зөвхөн шүүгчид бус төрийн албан хаагчид ч цаашлаад хувийн хэвшлийнхний дийлэнх нь орон сууцны зээлтэй гэдгийг мөн санах хэрэгтэй. Засгийн газар төсвийн тодотголдоо төрийн албан хаагч, шүүгчдийн цалинг бууруулах шийдвэр гаргаж байгаагийн шалтгаан нь эдийн засаг үнэхээр хүнд байдалд орсонтой холбоотой. Түүнээс биш шүүгчид өндөр цалин авч байна гээд ялгаварлан гадуурхсан зүйл байхгүйг хэн ч харж л байгаа.
 
Гэтэл эдийн засаг хямралаас гартал нэгээс хоёр жил шүүгчид тэвчиж болохгүй байгаа юм уу гэсэн хүн ч цөөнгүй байна. Мөн ийнхүү цалин бууруулах асуудлыг эсэргүүцэж байгаа нь олон нийтэд шүүгчид цалингаа нэмүүлэхгүй бол “Тэд авлига, хээл хахуулийн эзэд болж, үнэний талд бус хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болно” гэж байгаатай агаар нэгэн болно.
 
Үүнийгээ ч шүүхийн байгууллага баталсаар байгаа. Тухайлбал, шүүгчийн цалинг хасч байгаа нь хямралыг туулан гарахад багахан нөлөө үзүүлж болох ч ирээдүйд шүүх эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдлээс хараат болох, засаглалын тэнцвэр алдагдах эхлэлийг тавих эрсдэлтэй гэж тэд тайлбарладаг. Мөн шүүгч О.Мөнхсайханы хэлж буйгаар шүүгчдийн хувьд үндсэн хэрэгцээндээ санаа зовохгүйгээр ажлаа хийх хэмжээний цалинг өгч байж ажилдаа 100 хувь сэтгэл гаргаж шударга үнэнч ажиллах чухал хөшүүрэг болно гэж тайлбарлаж байна. Энэ нь шүүгчийн цалинг бууруулбал шүүгч үнэнч шударга ажиллахгүй, авилга авна гэснээс өөрцгүй байна.
 
Мөн энэ талаар ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Шүүгчдийн цалин багаслаа гээд авилга авах гээд байгаа юм биш. Судалгаагаар цалин багасхад тийм эрсдлийг бий болгож байгаа. Энэ эрсдлийг багасгахын тулд энэ арга хэмжээг бид авах ёстой” гэсэн нь манай улсын шүүх засаглалд авилга авах эрсдэл, магадгүй хээл хахууль байсаар байгааг харуулж байна. Нөгөөтэйгүүр шүүгчид төрдөө тангараг өргөсөн. Тэд өргөсөн тангарагтаа үнэнч байхаа умартан цалингийн төлөө үхэн хатан тэмцэлдэж буй нь нийгэмд сайхан харагдахгүйг бодолцвол яасан юм бэ.
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин