sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны 12 дугаар сард Японд айлчилна гэж ОХУ-ын  нөлөө бүхий албан тушаалтан мэдэгдлээ.
 
Путины гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын удахгүй хийх хэлэлцээний талаар товч дурдсан байна. Тус хоёр улсын удирдагчид энэ баасан гарагт эдийн засгийн форумын үеэр Оросын Владивосток хотноо уулзах юм.
Ушаковын хэлснээр, Путины удаан хүлээгдэж буй айлчлал ирэх 12 дугаар сард болно. Тэд баасан гарагт уулзахдаа Дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудлуудын талаар ярилцах ажээ.
 
Москва болон Токио Ерөнхийлөгч Путины айлчлалыг хэзээ хийх тухайд хэдийн тохиролцсон гэж Ушаков хэлжээ.
Путин болон Абэ баасан гарагт уулзахдаа энхийн гэрээний талаар санаа бодлоо солилцоно. 
 
Дөрвөн аралтай холбоотой маргааны улмаас энэ хоёр улс дэлхийн II дайн дууссанаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээнд гарын үсэг зураагүй байгаа юм.
Японы нутаг дэвсгэрийн хойд хэсэгт хамаарах арлууд Оросын хяналтад байдаг билээ. Эдгээрийг улсынхаа газар нутгийн салшгүй нэг хэсэг бөгөөд дэлхийн II дайны дараа оросууд хууль бусаар эзэлсэн гэж Японы тал үзсээр иржээ.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг