sonin.mn
ОБЕГ-т Хөвсгөл нуурын хойд хэсэгт завиар зугаалж явсан хүмүүс осолдож живсэн мэдээлэл ирсэн байна.
 
 Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд живсэн гэсэн дуудлага өчигдрийн  өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирснээр тус аймгийн ОБГ-ын Эрэн хайх, Аврах салбарын албан хаагчид азар дээр нь шуурхайлан очжээ.
 
Голчлон хүүхэд залуус бүхий завь хөмөрснөөс  О /6 настай, эрэгтэй Хатгал тосгоны харьяат/, Б /8 настай, эрэгтэй Мөрөн сумын 3 дугаар багийн харьяат/, Н /26 настай эрэгтэй, Хатгал тосгоны харьяат/, О /11 настай эрэгтэй, Хатгал тосгоны харьяат/ нарын цогцсыг  нуурын уснаас гаргаж  аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Одоогоор иргэн Б /15 настай, эрэгтэй Хатгал тосгоны харьяат/-г олоогүй байна. Өчигдөр орой харагдах орчин хязгаарлагдсан тул эрлийг зогсоогоод өнөө өглөөнөөс эрлийг үргэлжлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг