sonin.mn
Монгол-БНСУ хоорондын “Багш солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын 16 зочин багш манай улсад ирээд байна. Эдгээр багш нарыг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд болов.
 
2012 оноос хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөр нь нь хоёр улсын сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой.
 
БМДИ-ийн төлөвлөлт, мониторингийн албаны дарга Р.Золзаяа хэлэхдээ, “Энэ хөтөлбөр нь тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Ази-Номхон далайн орнуудын багш солилцооны хөтөлбөр нь 2012 оноос БНСУ-ын Боловсролын яамнаас санхүүжүүлэн, АПСЕЮ хэрэгжүүлж байгаа хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд урт хугацааны буюу 3 сарын хугацаатай явагддаг багш солилцоонд Монгол Улсаас гадна Филиппин, Индонез, Малайз, Вьетнам улс хамардаг. Эдгээр улсад Монгол Улсад хэрэгждэгийн адил Солонгос зочин багш очиж ажиллах буюу тус улсуудаас багш нар Солонгос улсын сургуулиудад очиж ажилладаг. Багш солилцооны хөтөлбөр хэрэгждэг эдгээр улсуудаас хамгийн үр дүнтэй бөгөөд бусад улсуудад жишиг болохуйц хэрэгжиж байгаа нь Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр хэмээн БНСУ-ын Боловсролын яам болон АПСЕЮ байгууллагууд үнэлж байгаа юм” гэв. 
 
Одоогийн байдлаар 2012-2016 онд энэхүү хөтөлбөрт Монголын 128, Солонгосын 113 багш хамраад байна.
Багш нар болон мэргэжлийн байгууллагууд энэхүү хөтөлбөрийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, багшийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, туршлагажуулж байна хэмээн үздэг.
 
 Энэ удаа ирсэн багш нарын 12 нь нийслэлийн сургуулиудад, 4 нь Төв аймаг болон Говьсүмбэр аймгийн ЕБС-т хуваарилагдан ажиллах юм. Тэд зураг дизайн, математик, биеийн тамир, хөгжим, франц, солонгос хэлний хичээлийг тус тус заах аж.
 
Солонгос багш нар өчигдөр хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага болох БМДИ-д Дасан зохицох сургалтад хамарч, БМДИ-ийн үйл ажиллагаа болон Монголын боловсролын тогтолцооны талаар мэдлэгтэй болж, монгол хэлний мэндчилгээ болон сургуульд өргөн хэрэглэгддэг үг хэллэгүүдийг сурчээ.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг