sonin.mn
Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв жолооны сургууль төгсөгчид, ангилал ахиулсан жолооч нарт үнэмлэх шинээр олгох, жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэдэд нөхөн олгох ажлыг хариуцан ажиллаж байна.
 
Тус төв дээрх үйлчилгээнээс гадна хуучин загварын болон гадаад орнуудын жолоочийн үнэмлэхийг сольж олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдээс шалгалт авч, эрхийг нь сэргээх, шинэ үнэмлэх олгох гээд  өдөрт 600-800 гаруй хүнд үйлчилж, 300-500 жолоочийн үнэмлэхийг хэвлэж байна. 
 
Энэ оны жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг худалдан авах нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан ч үйл ажиллагаа удааширснаас үүдэж, өнгөрөгч 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үнэмлэх хэвлэлт бүрэн зогссон юм. Өнгөрсөн 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 40 гаруй мянган иргэдийн жолооны үнэмлэхийн захиалга хүлээгдсээр байна. Одоогоор 4, 5, 6 дугаар сард захиалга өгсөн иргэдийн үнэмлэхийг хэвлэжээ. Цаашид захиалга өгсөн хугацааны дарааллаар иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэж олгох болсон гэж тус төвийн лавлахаас хариу өглөө.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг