sonin.mn
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ)-ын үйл ажиллагааг зогсоож Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болгон  ирэх сарын 1-нээс эхлэн өөрчлөн байгуулах шийдвэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гаргажээ.
 
2013 оны НИТХ-ын тогтоолоор Хот тохижилтын газар, Улаанбаатар зам арчлалт, Усны барилга байгууламж НӨҮГ-ыг татан буулгаж, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийг байгуулсан. Ингэхдээ нэг чиг үүрэгтэй олон байгууллага ногоон байгууламж, тохижилт зэрэг үйл ажиллагаа нь давхцсан, эдийн засгийн чадавхи сул, ихээхэн өртэй байгууллагуудыг нэгтгэсэн хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав.
 
Тэрбээр, “Өнөөдөр тус нэгтгэл нүсэр бүтэцтэй, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт менежмент хийж чадахгүй, өр төлбөр нь өссөн учраас өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болсон” гэлээ.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг