sonin.mn
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь дэргэдээ сургалтын эмнэлгийг албан ёсоор нээж  танилцуулах  өдөрлөг зохион байгууллаа.  
 
Эрүүл мэндийн салбар цаг ямагт боловсролын салбартай хамтран Монгол Улсад эрүүл мэндийн сайн мэргэжилтэнг бэлтгэсээр ирсэн байдаг. 1929 онд Сувилахуйн сургууль, 1942 онд МУИС-ийн Анагаах ухааны факультет байгуулагдсан тэр үеэс эрүүл мэндийн салбарын сургалтын үйл ажиллагааны суурь тавигдаж өнөөг хүртэл эмнэлзүйн дадлага, эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтын баазыг бэлтгэхэд  хувь нэмрээ оруулсаар иржээ.
 
2000 оноос тус эмнэлэг нь төгсөлтийн дараах резидентийн сургалтын үйл ажиллагааг бие даан явуулж эхэлжээ. Ийнхүү гуравдугаар шатлалын эмнэлгүүд бие даасан сургалт зохион байгуулахаас гадна төгсөлтийн өмнөх, дараах сургалтад оролцож бааз эмнэлэг болж байгаа нь “сургалтын эмнэлэг” байх бүхий л боломжийг хангаж байна.
 
Өдөрлөгийн үеэр тус эмнэлгийн захирал Б.Бямбадорж  хэлэхдээ, “Сургалтын эмнэлэг нь аль нэг их сургуулийн шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг “их сургуулийн эмнэлэг” гэдэг нэршлээс тусдаа ойлголт. Төгсөлтийн дараах эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй насан туршдаа суралцах боломжийг хангасан сургах үйл ажиллагаа, эмчилгээ болон эрүүл мэндийн технологийг хөгжүүлэх Сургалтын эмнэлэг рүү чиглэсэн үйл ажиллагааг  явуулдаг. 
 
“Сургалтын эмнэлэг”-ийн эмч, сувилагч, ажилтнуудын үүрэг хариуцлага өндөр. Зөвхөн үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээнд анхаарал хандуулахаас гадна эрүүл мэндийн салбарын ажилтныг сургах, хөгжүүлэх, эмчилгээний технологийг бий болгох, хөгжүүлэх, нотолгоо-судалгаанд суурилсан эмнэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлэх гэсэн давхар ачааг үүрнэ” гэв.
 
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон бусад албаны хүмүүс оролцов.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг