sonin.mn
Өнгө алагласан цэцэг барин, найз нөхөдтэйгээ гүйлдэх хүүхдүүд, аав, ээжийнхээ гараас хөтлөн алхах бяцхан сурагчид, номын шинэхэн цүнх, шил цонх нь гялалзах эрдмийн өргөө болсон сургууль. Анх удаа бие биенээ гайхан харах нэгдүгээр ангийн бяцхан жаалууд. Энэ бол Хичээлийн шинэ жил буюу жил бүрийн есдүгээр сарын 01-ний өнгө төрх.
 
Гурван сар бие биенээ хараагүй нэг ангийн найз нөхөд уулзалдан баясаж, өдөр өдрөөр ижилдэн дассан анги танхимдаа цугларан, амралтын сонин сайхныг ам булаалдан хөөрөлдөх мөч. Сургууль бүрийн гадаа уянгалаг хөгжим эгшиглэж, багш, сурган хүмүүжүүлэгчид цэцгийн баглаагаа дааж ядан тэврэх мэт. Ийм л нэгэн хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байна.
 
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1300 гаруй цэцэрлэгт 240 мянган гаруй хүүхэд, ерөнхий боловсролын 790 сургуульд 561.6 мянган сурагч, 100 их, дээд сургууль, коллежид 164.5 мянган оюутан, насан туршийн боловсролын 308 гаруй төвд 10.1 мянган суралцагч хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Өнөөдөр 69.1 мянган хүүхэд эрдмийн дөрөөнд анх дөрөөлж нэгдүгээр ангид элсэн орж байна.
 
Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий боловсролыын сурагчдад хичээл заадаг уламжлалтай. Энэ жил найм дах удаагаа хичээл заах гэж байгаа тэрбээр "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвийг онцолсон бөгөөд 10.00 цагт МҮОНТВ-ээр орон даяар нэвтрүүлэх юм.
 
Өмнөх жилүүдэд буюу 2009 онд "Дэлхийн дулаарал-Монгол орон", 2010 онд "Монголын бахархал", 2011 онд "Монголын сайхан орноор", 2012 онд "Хүн болох багаасаа", 2013 онд "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо", 2014 онд  "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө", 2015 гэсэн "Санаа зөв бол заяа зөв" гэсэн сэдвээр хичээл зааж байсан юм.
 
Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын эрхэм гишүүд ерөнхий боловсролын сургуулиудад зочилж, шинэ хичээлийн жилийг эхлүүлж байна. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд оролцсоныхоо дараа МУБИС-ийн хичээлийн жилийн нээлтэд оролцох аж. 
 
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа-1 хорооллын долдугаар дунд сургуулийн нээлтэд оролцох бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна.
 
Ийнхүү зуны гурван сар нам жим байсан эрдмийн өргөөд хүүхэд, багачуудын дуунд бялхаж, мянга мянга сурагч, оюутан залуус эрдэм мэдлэгийн их замын нэг шатнаа хөл тавилаа.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг