sonin.mn
ГАВАНА. /Prensa Latina/. АНУ-Кубын хооронд тогтмол нислэг үйлдэж эхэлсэн нь хоёр талын харилцааг бэхжүүлэхэд нэгэн шинэ алхам боллоо гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри үзэж байна.
 
Керри твиттер хуудсандаа “8/31/2016: 1961 оноос хойших анхны арилжааны нислэгийг АНУ-аас Куба руу хийлээ. Кубын нийслэл Гавана хот дахь АНУ-ын ЭСЯ-ны гадаа төрийн далбааг мандуулснаас хойш ердөө нэг жилийн дараа энэ үйл явдал боллоо” гэж бичжээ.
 
Куба болон АНУ-ын хооронд үйлдэх арилжааны тогтмол нислэгийг наймдугаар сарын 31-нээс сэргээнэ гэж өнгөрсөн сарын эхээр Кубын Тээврийн дэд сайд Эдуардо Родригес мэдэгдэж байсан юм.
 
АНУ-ын иргэний агаарын тээврийн “JetBlue” компани анхны шууд нислэгийг Флорида муж улсын Форт Лодердейл хотоос Кубын Санта Клара хотын чиглэлд хийжээ.
Шууд нислэгийг сэргээж байгаа нь аажмаар сайжирч буй АНУ болон Кубын харилцаанд хамгийн сүүлд гарсан чухал үйл явдал болж байна.
 
АНУ-ын Засгийн газар Кубатай харилцаагаа хэвийн болгохын тулд хүчин чармайлт гаргана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны 12 дугаар сард зарласнаас хойш хоёр талын харилцаа алхам алхмаар сайжирсаар байгаа билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг