sonin.mn
 Хэдхэн хоногийн өмнө төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна төрийн өмчит компаниудын гүйцэтгэх болон орлогч захирлуудын цалинг бууруулах тухай Засгийн газрын хуралдааны шийдвэрийг хараад “нүд орой дээрээ гарч”, нүцгэн гүйсэн ч гайхаад байхааргүйтэй адил явдал болсон.
 
Уг шийдвэрээр 5-10 сая төгрөгийн цалинтай бол 10 хувиар гэхчлэн геометрийн прогрессоор өссөн дүнг хараад үнэхээр гайхаж хоцров. 60 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 30 хувиар бууруулна ч гэх шиг. Ийм цалин байдаг болоод л шийдвэртээ тусгасан байх. Харин тэднээс хэн нь ч хэдий хэрийн цалин хөлс, бусад урамшуулал авдгаа ил тод хэлсэнгүй. Улс орон, төрийн өмчийн оролцоотой компаниудын хөрөнгө, санхүү сайнгүй байхад цалин хөлсөө гайхуулах нь тийм ч сайхан хэрэг биш гэж бодсон байх л даа, захирлууд. Харин арилжааны нэгэн телевизийн хөтлөгч нэлээд сайн “байцаасны” эцэст уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын орлогч Ц.Даваасамбууг сарын 2.5 сая төгрөгийн цалинтай, бусад шагнал урамшуулал нь нийлээд сард 10 гаруй сая төгрөг “халаасалдаг” гэдгийг нь хэлүүлээд авна билээ.
 
 
 
Олон нийтийн хараа хяналтад байж, төсвөөс шууд цалинждаг юм болохоор манай төр, засгийн удирдлагын цалин пүнлүү харин ил тод байдаг бололтой. Тухайлбал, Ерөнхийлөгч маань жилдээ 51 сая гаруй төгрөгөөр цалинждаг юм байна. ОХУын Ерөнхий сайд Д.Медведев 108 мянга, Хятадын Ардын хурлын дарга Си Зиньпин 22.3 мянга, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 400 мянган ам.долларыг жилдээ зөвхөн цалин болгож авдагтай харьцуулбал “ичмээр дамшиг” боловч Монголын өнөөгийн эдийн засгийн байдалтай харьцуулахад бас ч боломжийн цалин хөлс байх.
 
“itoim.mn” сайт дээр тавьсан мэдээллээс харвал манай УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар 29.6 сая, УИХ-ын дэд дарга болон гишүүн тус бүр 21.8 сая төгрөгийн цалинтай байдаг аж. (Жилийн хугацаанд шүү. Сар бүр гэж бодоод хийрхээд эхлэв, монголчууд аа). Тэднээс хамаагүй өндөр цалинтай нь Ерөнхий сайдын зөвлөх (28.5 сая), Ерөнхийлөгчийн зөвлөх (28.6 сая) бас хяналтын шатны шүүгч (46.0 сая) байдаг юм байна. Гэтэл, аймаг, нийслэлийн Засаг дарга, орлогч, ИТХ-ын дарга нар ердөө 12 сая төгрөгөөр цалинждаг байх юм.
 
Юуны өмнө эдгээр болон тэдэнтэй дүйцэх албан тушаалд ажиллаж буй 260 орчим албан хаагч өнөөдрөөс эхлэн цалингийнхаа 30 хувийг “хэмнэлтийн давалгаа”-нд булаалгах нь.
 
Цаашилбал, төрийн захиргааны удирдах төвшний албан хаагчид буюу аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш тушаалтай нөхөд 20 хувиар цалингаа тануулна. Үүнд 2000 орчим албан тушаалтан хамрагдаж, дээрх хүмүүстэй нийлээд 2.2 тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлэх юм байна. Сар бүр төдий хэмжээний хэмнэлт гарна гэж бодохоор боломжийн тоо мэт санагдавч “хүний л амьдрал шүү дээ” гэж харахаар хэнд ч таатай санагдахгүй л байх.
 
Харин төрийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт үйлдвэрийн газрын удирдах ажилтны цалингийн дээд хэмжээг тогтоож, удирдлагын зардлыг хэм нэж, ашигтай ажилласан нөхцөлд үр дүнгийн шагнал олгодог тогтолцоонд шилжүүлнэ гэж шийдвэрлэсэн нь хувийн хэвшлийг дэмжиж байгаа хэлбэр мэт харагдавч төрийн албанд хатуурхаад байгаа ч юм шиг. Төрийн болон Хөгжлийн банкны захирал сардаа 10 сая төгрөгийн цалин авч, төрийн өмчит компанийн захирлууд 3.5-9.5 сая төгрөгөөр цалинждаг гэж бодвол “арай л ... “ байгаа биз дээ. Тиймээс төрийн өндөр албаныхан гэхээсээ илүү төрийн өмчит компанийн удирдлага, дээгүүр албан тушаалтанд анхаарлаа хандуулмаар юм биш үү.
 
Харин алга ташиж баяр хүргэмээр нэг шийдвэр нь хадгаламжийн хүүнд татвар ногдуулахаар улсын төсвийн тодотголд тусгасан явдал юм. 100 саяаас дээш төгрөгийн хадгаламжийн данс эзэмшигчдэд 10 хувийн татвар ногдуулах нь байна. Энэ нь нийт хадгаламжтай иргэд, аж ахуйн нэгжийн 0.15 хувь болох тооцоо бий.
 
Үүнд 8200 гаруй иргэн, 1900 орчим хуулийн этгээд буюу компани, аж ахуйн нэгж л хамаарах юм билээ. Өнөөдөр Монголын арилжааны банкны жилийн хүү 17-22 хувь байгаа нөхцөлд энэ нь болохгүй гэх аргагүй арга хэмжээ болж байна.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин