ТОКИО. /Kyodo/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ тогтоолуудад үндэслэн Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхийг НҮБ-д суугаа Японы байнгын төлөөлөгч уриаллаа.
Ноён Коро Бэсшо Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээний асуудал эрхэлсэн хорооны ээлжит хуралдааны дараа сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Тус хороо нь НҮБ-ын авсан хориг арга хэмжээнүүдийн талаар АЗ-д мэдээлж тайлагнадаг аж. Энэ хороог АЗ-ийн тогтоолын дагуу байгуулжээ.
Бэсшо хэлэхдээ “52 улс Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн талаараа тайлагнасан” гээд хориг арга хэмжээний агуулга болон үр дүнгийн талаар тодорхой дурдаагүй байна.
Тэрбээр цааш нь “Умард Солонгост хориг арга хэмжээ авах улсуудын тоо нэмэгдэж магадгүй. Бусад улс тайлангаа гаргаж өгөх хэрэгтэй” гэжээ.
НҮБ дахь дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, БНХАУ өнгөрсөн сард тус хороонд нэгэн тайланг танилцуулсан байна. Хятад бол Пхеньяны худалдааны гол түнш бөгөөд хориг арга хэмжээг үр дүнд хүргэхэд нөлөөлөхүйц гол улс юм.
НҮБ-ын гишүүн улсууд Умард Солонгост цаашид шахалт үзүүлэх асуудлаар нэгдэж чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0