sonin.mn
НЕЙПЬИДО. /Kyodo/. Мьянмарын засгийн газрын цэргүүд болон үндэсний цөөнхийн  босогчдын бүлэглэлүүдийн хооронд хэдэн арван жилийн турш үргэлжилж буй сөргөлдөөн дайсагналд цэг тавих зорилго бүхий бага хурал тус улсын нийслэл Нейпьидо хотод лхагва гарагт эхэллээ. 
 
Таван өдөр үргэлжлэх Энхийн бага хуралд үндэсний цөөнхийн босогчдын 17 томоохон бүлэглэл оролцож байна.
 
Нээлтийн ёслолын үеэр тус улсын ардчиллын удирдагч Ан Сан Су Чи хэлэхдээ “хэрвээ энх тайвныг цогцлоож чадваас манай улс цэцэглэн хөгжих болно” гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мөн үг хэлэхдээ “ирээдүй хойч үеийнхэн сайн сайхан амьдрах эсэх нь та бүхнээс шалтгаална” гэжээ.
Мьянмарт засгийн газрын хүчнийхэн болон үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүд 60 гаруй жилийн турш буюу 1948 онд Их Британиас тусгаар тогтносноос хойш хоорондоо тулалдсаар байгаа юм. Тус улсын нийт хүн амын гуравны нэг орчим хувийг үндэсний цөөнхүүд эзэлдэг ажээ.
 
Харин гурван зэвсэгт бүлэглэл, тэдгээрийн дотор өнгөрсөн онд засгийн газрын хүчнийхэнтэй тулалдаж байсан Коканы босогчид энхийн бага хуралд оролцоогүй байна. Мьянмарын зүүн нутгийн Шан муж болон бусад бүс нутагт энэ долоо хоногт үе үе мөргөлдөөн болжээ.
 
Бага хуралд оролцож буй бүлэглэлүүдийн ердөө тал хүрэхгүй хувь нь засгийн газартай гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ан Сан Су Чи бусад бүлэглэлийнхэнтэй эвлэрлийн гэрээ байгуулж чадах эсэх нь анхаарлын төвд байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг