sonin.mn
РОМ. /Anadolu/. Энэ долоо хоногийн мягмар гараг хүртэлх гурав хоногийн хугацаанд Газар Дундын тэнгист явж байсан 10 мянга гаруй дүрвэгчид болон цагаачдыг аварлаа гэж Италийн эргийн харуулын алба мэдэгдлээ.
 
Газар Дундын тэнгисийг гатлахаар явж буй Африк болон Ойрхи Дорнодын цагаачид болон дүрвэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь жилийн энэ цаг үед цаг агаар харьцангуй тогтвортой бөгөөд өмнө зүгээс салхилж байдагтай холбоотой ажээ.
 
Харин цагаачид болон дүрвэгчдийг тээвэрлэж буй завинуудын ихэнх нь далайгаар хөвөхөд тохиромжгүй бөгөөд даац хэтрүүлдгийн улмаас Европт хүрэхээсээ өмнө тэнгист хөмөрч живдэг байна.
 
Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын /The International Organization for Migration/ мэдэгдсэнээр, өнгөрсөн зургадугаар сарыг хүртэлх 18 сарын хугацаанд Газар Дундын тэнгист 6600 гаруй дүрвэгч болон цагаач живж нас барсан болон сураггүй болжээ.
Энэ тоо цаашид улам нэмэгдэж болзошгүй гэж албаны хүмүүс үзэж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг